Нийслэлийн прокурорын газраас Хөгжлийн Банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулахаар эсэргүүцэл бичиж, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хүргүүлсэн болохыг мэдээлэв.
Тодруулбал тус прокурорын газраас яллах дүгнэлт үйлдсэн Монгол Улсын Хөгжлийн Банкны эрх бүхий албан тушаалтнуудад холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны дөрөвдүгээр сарын 17-ноос долдугаар сарын 7-ны өдрийн хооронд хянан хэлэлцээд, 32 хүн, дөрвөн хуулийн этгээдийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон эрүүгийн хариуцлага оногдуулж, 48 хүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Тэгвэл прокуророос дээрх нэр бүхий 48 хүний хэргийг үндэслэлгүй хэрэгсэхгүй болгосон, мөн зарим шүүгдэгч нарт зорчих эрх хязгаарлах, торгох ял оногдуулсан нь тэдгээрийн үйлдсэн гэмт хэрэгт тохироогүй, ял хөнгөдсөн гэж үзэн анхан шатны шүүхийг шийдвэрийг хүчингүй болгуулахаар эсэргүүцэл бичжээ.
Эх сурвалж: УЕПГ