Авто замын түгжрэл өнөөдөр дэлхийн олон зуун сая хүний өдөр тутмын амьдралын стрессийн нэг хэсэг болоод байгаа.
Ар араасаа түгжирсэн автомашинууд асар их түлш шатахуун дэмий үрдэг нь байгаль орчинд хор хөнөөлтэй байдаг.
Тэгвэл бас зорчигчдын эрүүл мэндэд муугаар нөлөөлдөг нь АНУ-ын Вашингтоны их сургуулийн эрдэмтдийн хийсэн шинэ судалгааны үр дүнгээс харагджээ.
Тухайлбал давс ихтэй хоол хүнс хэрэглэхтэй ижил хэмжээгээр цусны даралтыг өсгөдөг нь тодорхой болсон байна.
Үүнээс гадна автомашины утаанд удаан байх нь астма зэрэг амьсгалын замын өвчлөлийг нэмэгдүүлдэг гэж дүгнэжээ. Ялангуяа хүүхдэд бүр илүү хортой гэнэ.
“Замын хөдөлгөөний агаарын бохирдол нь замын хөдөлгөөнд оролцсоноос хойш нэг цагийн дотор цусны даралтыг нэмэгдүүлж, нөлөө нь нэг хоногийн дараа л арилж байна” гэж Вашингтоны их сургуулийн хүрээлэн буй орчин, хөдөлмөрийн эрүүл мэндийн шинжлэх ухааны доктор, профессор Жоэл Кауфман дүгнэлтдээ дурджээ.
Түүний удирдсан баг судалгаандаа 22-45 насны 16 эрүүл хүнийг оролцуулж, Сиэтл хотын замын ачааллын оргил цагаар гурван тусдаа автомашинд зорчуулж үр дүнг нь хэмжсэн юм байна.
Эдгээрийн хоёр автомашиныг “шүүлтүүргүй”, гаднах агаарын урсгалыг шууд нэвтрүүлэхээр тохируулжээ.
Харин гурав дахь автомашиныг Hepa (High Efficiency Particulate Absorbing) төрлийн шүүлтүүртэй явуулсан байна. Гэхдээ бүх зорчигчид аль автомашин шүүлтүүртэйг мэдэхгүй байжээ.
Судлаачид тэдний замын хөдөлгөөнд оролцохоос өмнөх болон оролцсоноос хойш хоёр цагийн дараах цусны даралтыг хэмжсэн байна.
Ингэхэд шүүлтүүргүй автомашинд зорчигчдын цусны даралт шүүлтүүртэй зорчигчдынхтой харьцуулахад 4.5 mm Hg хэмжээгээр өссөн байжээ.
Агаарын бохирдлын ихэнх хэсэг урд талын автомашины утаанаас, бас тоормос болон дугуйн үрэлтээс үүсэж байсан байна.
Профессор Кауфман автомашинд байнга түгжирдэг хүмүүст агаарын шүүлтүүр суурилуулах, эсвэл дотоод агаарыг эргэлдүүлэх (air recirculation) горимд агааржуулагчийг ажиллуулах, ингэх боломжгүй бол (нийтийн тээвэр, таксинд) зориулалтын амны хаалт зүүх, авто замд ойр амьдардаг хүмүүст цонхоо байнга хааж, агаар цэвэршүүлэгч тогтмол ашиглахыг зөвлөжээ.