Яармагийн 300 ортой эмнэлэг буюу Эх, нярай эмэгтэйчүүдийн хоёрдугаар төвд хэвтэн эмчлүүлж байсан 17 хүүхэд өчигдөр /2023.11.24/ 22.00 цагт тариа хийлгэсний дараагаас бөөлжиж, таталт өгч, улмаар ухаан алдан унасан байна. Энэ талаар эцэг эхчүүдийн төлөөлөл Б.Нордогмаа дараах мэдээллийг өглөө.
-Танай хүүхэд ямар оноштойгоор, хэд хоног энэ эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна вэ?
-Манай дөрвөн настай охин уушгины хатгалгаа гэдэг оноштойгоор Яармагийн 300 ортой эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан юм. Ханиад нь овоо дажгүй болж байсан чинь өчигдөр гэнэт бие нь муудсан.
Эмч нар нь сандралдаж, нярайн эмч нар орж ирээд өөр тасаг руу аваад явсан.
Эцэг эхчүүдийг “Та нар тайван байгаач. Яагаад сандарч тэвдээд байгаа юм бэ” гэсэн. Хүүхдүүд бүгдээрээ ухаангүй байсан. Тэгээд л хүчилтөрөгчийн аппарат залгаж, шингэн дусал хийсэн. Би өөрөө жирэмсэн хүн болохоор тэвдээд, ухаан алдах гээд байсан.
-Сувилагч хүүхдүүдэд цагийн тариа хийхдээ дэргэд нь найруулсан уу. Гаднаас тариагаа найруулчихсан орж ирсэн үү?
-Манай өрөөнд найман хүүхэд хэвтэн эмчлүүлж байсан. Сувилагч өчигдөр орой 23.00 цагийн үед тариа хийсэн. Тариагаа хийхдээ манай өрөөнд орж ирээд, дэргэд найруулсан. Бид “Энэ тариа яагаад шар өнгөтэй байгаа юм бэ” гэж асуусан чинь “Ийм л тариа байна” гэсэн. Өчигдөр орой тарьсан тариаг хамгийн сүүлд тарьдаг юм.
Эмч сувилагч нь бидэнд ийм тариа тарих гэж байна гэж танилцуулаагүй. Харин “Бид хоёр жирэмсэн эх төрүүлээд нойргүй хоносон. Эртхэн амармаар байна. Яараад байна” гэж ярьсан.
-Шар өнгөтэй тариа байсан юм уу. Өмнө нь ямар өнгөтэй тариа тарьж байсан бэ?
-Өмнөх өдрүүдэд хүүхдүүдэд цагаан өнгөтэй тариа тарьж байсан. Тэгсэн өчигдөр оройн тариа шар өнгөтэй байсан. Бид асууж, лавласан боловч тоогоогүй. Гэтэл тариа хийлгээд цаг болоогүй байтал хүүхдүүдийн бие цэв хүйтэн болж, зарим нь толгой өвдөж байна гэж байснаа ухаан алдаж эхэлсэн. Өглөөнөөс л хүүхдүүдийн биеийн байдал нь тогтворжиж байна.
-Одоо хүүхдэд нь ямар эмчилгээ хийж байна вэ?
-Хүүхдүүдэд тариа хийхгүй байгаа. Охин маань ухаан орсон. Хоол унд идэхгүй, толгой өвдөөд байна гээд зовиуртай л байна. Биднийг хэд хоног энд хэвтэн эмчлүүлэх талаар сайн мэдэхгүй байна.