Д.Эрдэнэбат нарын 20 хүн, хоёр хуулийн этгээдэд холбогдох хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг 2023 оны арванхоёрдугаар сарын 19-ний Мягмар гарагийн 09:00 цаг хүртэл хойшлууллаа.
Хэргийн оролцогчийн өмгөөлүүлэх хууль зүйн туслалцаа авах эрхийг хангаж, шүүхээс хуралдааныг хойшлуулахаар шийдвэрлэснийг Даргалагч шүүгч хэлсэн юм.
“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн хувьчлал, “Хөтөл цемент шохой” үйлдвэр, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн концессын гэрээ зэрэгтэй холбоотой хэргийн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр болж байна.
Урьдчилсан хэлэлцүүлэгт оролцсон яллагдагчдын зарим өмгөөлөгч “иргэн гэм буруугаа тогтоолгохын тулд өмгөөлүүлэх эрхтэй” хэмээгээд шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргалаа.
Харин прокурор хэлэхдээ “Хурал дөхөх тусам гэрээ байгуулаад, хэргийн материалтай танилцах хүсэлт гаргаад байна. Өмнө нь мөрдөн шалгах болон шүүхийн шатанд ч хангалтай хугацаа олгосон. Тиймээс шүүх хурлыг цааш үргэлжлүүлэх саналтай байна” хэмээн хэлэв.
Ийнхүү өмгөөлөгчдийн гаргасан хүсэлтийг хэлэлцэхээр шүүх хуралдаан түр завсарлалаа.