Үндэсний аюулгүй байдалд нөлөөлж болохуйц гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдийн талаар Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөл (ҮАБЗ)-ийн ажлын албанаас өнөөдөр мэдээлэл хийлээ.
Энэ үеэр Тагнуулын Ерөнхий Газар (ТЕГ)-ын ахлах ажилтан В.Баасанхүү “Сүүлийн өдрүүдэд олон нийтийн цахим сүлжээнд үндэсний эв нэгдлийг бусниулах, зэвсэгт үймээн дэгдээхэд чиглэсэн илт худал мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр удаа дараа нийтэлж байна.
Энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор ТЕГ-аас дараах мэдээллийг прокурорын зөвшөөрсөн хэмжээнд хүргэж байгаа юм.
- 2023 оны наймдугаар сарын 30-нд Чаагий Чагнаа гэх нэртэй фэйсбүүк хаягаас “Монгол Улсын хилийн отрядыг нүүлгэн шилжүүлж, улсын нутаг дэвсгэрээс БНХАУ-д шилжүүлэн өгөх гэж байна” гэх илт худал мэдээллийг нийтэлжээ.
- Есдүгээр сарын 13-ны өдөр Энхбаяр П.Ж нэртэй хаягаас “Казах иргэдийг хүмүүжүүлж, залхаан цээрлүүлэх зорилгоор томоохон ажиллагаа явуулахаар шийдвэрлэсэн байна. Бид та бүхэнд буу зэвсэг, галт хэрэгслээр туслах болно. Бүгдээрээ хамтдаа тэмцэж, засаг төрийг эргүүлье” гэх агуулгатай худал мэдээлэл нийтэлсэн.
- Есдүгээр сарын 13-нд Гилийн тамга гэх фэйсбүүк хаягаас “Баян-Өлгий аймагт дайчилгааны хээрийн сургуулилалт хийгдэж байна. Энэ нь тус аймгийн иргэдийг айлган сүрдүүлэх зорилготой” гэх агуулга бүхий илт худал мэдээллийг нийтэлсэн.
Энэхүү мэдээллийг Монгол Улсын иргэн Б гэгч нь удаа дараа нийтэлсэн болохыг тагнуулын байгууллагаас тогтоон илрүүлж, Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлд заасан “худал мэдээлэл тараах”, 19.9 дүгээр зүйлд заасан “Үндэсний эв нэгдлийг бусниулах” гэж тус тус зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын ажиллагаа явуулан, прокурорын хяналтад шилжүүлээд байна” гэв.
Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлд заасан “худал мэдээлэл тараах” гэмт хэрэг нь 50,000-1,300,000 тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох эсвэл 240-720 цаг хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэх, 1-3 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгэл заасан байдаг.
Эрүүгийн хуулийн 19.9 дүгээр зүйлд заасан “Үндэсний эв нэгдлийг бусниулах” гэмт хэрэг нь 5-12 жил хүртэлх хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан байдаг.
Үргэлжлүүлэн “Иргэдэд сэрэмжлүүлж хэлэхэд хүн, хуулийн этгээдийн нэр хүндэд халдсан аливаа худал мэдээллийг цахим орчин болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтлэхгүй байх, албан ёсны эх сурвалжаас аваагүй мэдээлэлд итгэж, бусдад түгээн дэлгэрүүлэхгүй байхыг анхааруулж байна.
Техник, технологи хөгжсөн өнөө цагт бусдын хаягаар мэдээлэх, хуурамч хаягаас нийтэд мэдээлэх зэрэг нь илрэх боломжтой болсон учраас “Би баригдахгүй, илрэхгүй” гэж хөнгөмсөг хандаж, энэ төрлийн гэмт хэрэгт өртөхөөс урьдчилан сэргийлэхийг анхааруулъя” гэдгийг ТЕГ-ын ахлах ажилтан В.Баасанхүү хэллээ.
Энэ үеэр сэтгүүлчийн асуултад тэрбээр нэмж хариулт өгөв.
Сэтгүүлч: Хэвлэл мэдээллийн хэрэгслийн мэдээлэл болон хувь хүний фэйсбүүк хаягаас оруулсан мэдээллийг ялгах нь зүйтэй болов уу?
В.Баасанхүү: Хувь хүн хувийн цахим хаягт нийтэлсэн мэдээллийг зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл мэдээ болгож оруулж байгаа.