Нийгмийн бодлогын байнгын хороогоор Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа “Амьгүй донорт олгох тэтгэмж урамшууллын тухай заалтуудыг энэ хуульд оруулж ирж байгаа нь дэмжих нэг шалтгаан болж байна.
Шүүх дээр задлангийн бэлтгэгдсэн эмч цөөхөн байна. Гэр бүлийнх нь зөвшөөрөлгүй задлан хийсэн маргаанууд ч гардаг. Энэ цаг үед цогцост заавал задлан хийхгүйгээр нас барсан шалтгааныг тодорхойлох боломж үүссэн. Өмнө нь шүүх шинжилгээний байгууллагад задлан хийхгүйгээр оношлох, тоног төхөөрөмж авч өгөх хүсэлтийг удаа дараа гаргасан боловч дэмжигдээгүй” гэв.
Үргэлжлүүлэн тэрбээр Эрүүл мэндийн сайд С.Чинзоригоос заавал задлан хийхгүйгээр оношилдог тоног төхөөрөмжийг худалдаж авах эсэх мөн шимтгэл төлж байгаагүй амьгүй донорт олгох урамшууллын тэтгэмжийн тухай асуулаа.
Асуултын хариуд Эрүүл мэндийн сайд С.Чинзориг “Энэ жил Эрүүл мэндийг дэмжих санд хоёр тэрбум төгрөг хуваарилагдсан байгаа. Ирэх жил энэ хэмжээг тав дахин нэмэгдүүлж 10 тэрбум болгосон. Мөн сайдын багцаас гадаадад эмчилгээний зардал гэж 500 сая төгрөг олгодгийг ирэх жил хоёр дахин нэмэгдүүлж нэг тэрбум болгосон.
Ингээд 11 тэрбум төгрөгийн хүрээнд л гадаад эмчилгээ, технологи нэвтрүүлэх, нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, оршуулгын тэтгэмж гэсэн дөрвөн чиглэлээр санг зохицуулна.
Үүнээс дийлэнх хөрөнгөө технологи нэвтрүүлэх зардал руугаа зарцуулах нь зүйтэй гэж үзэж байгаа. Зөв хийж чадвал гадагшаагаа эмчилгээнд явах иргэдийн тоо буурна.
Задлан хийхгүйгээр оношилдог тоног төхөөрөмжийг судалж үзнэ. Гэхдээ эрүүгийн хэргийн хувьд шалтгаан нөхцөлийг нь тодорхойлоход үнэхээр чухал. Гэтэл иргэд бол тэр болгон зөвшөөрмөөргүй байна гэдэг. Үүнийг цэгцлэх шаардлага байна.
Амьгүй донорын тухайд нэлээд журамлах зүйлс байгаа” гэв.