УИХ-ын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох шинэтгэлийн бодлогын талаар Ерөнхий сайдын мэдээллийг сонсоно.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр “Авлига, албан тушаалын гэмт хэргийн ялын бодлогыг чангатгах, өршөөл үзүүлэх байх талаарх өөрчлөлтийг Эрүүгийн хуульд оруулсан. Хаана төрийн өмч байна, тэнд хулгай тасрахгүй байна.
Төрийн өмчийг өөрийн хувийн өмч мэт зарцуулдаг түшмэдээсээ салж байж бид авлигыг ялах болно. Манай улсын экспортын 93 хувь нь уул уурхайн салбар бөгөөд энэ салбарыг ил тод болгох нь авлигын эсрэг хэрэгжүүлэх гол зорилт юм.
Монголын эрдэс баялаг, газрын тосны салбар авлигад өртдөгөөрөө хамгийн өндөр үзүүлэлттэй байна. Иймд Засгийн газраас олборлох үйлдвэрийн ил тод байдлын тухай хуулийг боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлнэ.
Засгийн газраас “5Ш” ажиллагааг хэрэгжүүлэн ажиллаж байна. Тухайлбал шүгэл ажиллагааны хүрээнд ажлын хэсэг иргэдтэй уулзан мэдээлэл авч байгаа” хэмээв.
Түүнчлэн “Интерполын шугамаар эрэн сурвалжлагдаж буй 38 этгээдээс байгаа газар нь тогтоогдсон 24 этгээд байна. Интерполын улаан буланд зар мэдээгээр эрэн сурвалжлагдаж буй ний 10 этгээдийг шилжүүлэн авахаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх гэрээ болон хамтын ажиллагааны харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд тухайн улсын байгууллагатай хамтран ажиллаж байна. Цаашид оршин суугаа улс нь тодорхойгүй 14 этгээдийг эрэн сурвалжлах ажлыг эрчимжүүлэн ажиллаж байна.
131.8 тэрбум төгрөгийн авлигын хохирлыг нөхөн төлүүлээд байгаа. Гадаадаас Монголд 12.2 сая ам.долларын хөрөнгийг буцаан авчраад байна” гэдгийг хэллээ.