УИХ-ын чуулганы хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Г.Дамдинням Тавантолгойн төмөр замын асуудлаар байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр “Монголын ард түмэн хар хүйтэнд нэг сар шахуу жагсаж нүүрсний хулгайчдадаа хариуцлага тооцохыг Засгийн газраас шаардсан. Өчигдөр Үйлдвэржилтийн байнгын хороон дээр ТТ-Гашуунсухайт, ТТ- Зүүнбаян чиглэлийн төмөр замын төслүүдийн аймшигтай тоонуудтай аудитын дүгнэлт орж ирсэн. 950 тэрбум төгрөгөөр хийнэ гэж батлуулчхаад 3.6 их наядаар хийчихсэн. 3.8 дахин их үнээр шүү.
Зэвсэгт хүчний жанжин штаб хууль эрхзүйн хүрээнд ийм төсөлд оролцох эсэх нь тодорхойгүй байхад ерөнхий гүйцэтгэгчээр шууд оруулаад баахан худалдан авалт хийлгэчихсэн. Ногоон автобусны 400 тэрбумын хулгай энэ Тавантолгойн төмөр замын төслийн хулгайн хажууд талхны үйрмэг шүү !!!
Хулгай үнэхээр шалгах гээд байгаа бол эхлээд төмөр замаа шалгах ёстой юм биш үү. Төрийн аудит гаргаад ирсэн байна. Бүх юм нь хууль зөрчсөн. Ганц компанийн худалдан авалт шалгасан болоод дуусах юм уу? Хянан шалгах түр хорооны танилцуулга дээр нь байхгүй.
Бүх ард түмний хувьцааг нь эзэмшдэг Эрдэнэс тавантолгой компанийн мөнгийг төмөр замын төсөл рүү хийгээд улсын нууцад оруулж байгаад хулгай хийчихсэн байхад яагаад үүнийг ярихгүй байгаа юм бэ?
Энэ аудитын дүгнэлтийг байнгын хороон дээр яриад өнгөрмөөргүй байна. УИХ-аар хэлэлцэх шаардлагатай байна.” гэв.