Ардчилсан Намаас цаг үеийн асуудлаар өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгууллаа.
Энэ үеэр АН-ын ҮБХ-ны гишүүн Д.Батсайхан “Өрийн дарамтгүй Монгол хэлэлцүүлгийн хүрээнд Завхан аймгийн 4,000 гаруй иргэнтэй уулзаж, өр зээл, эдийн засгийн асуудлаар санал солилцлоо.
Монгол Улс 33.8 тэрбум ам.долларын өртэй, 13 тэрбум ам.долларын ДНБ-тэй болсон байна. Үүнээс Засгийн газрын өр 31.1 их наяд төгрөг, ААН-үүд 25.8 их наядын өртэй. Айл болгон өртэй байна. 2023 оны наймдугаар сарын 31-ний байдлаар банкуудад цалингийн зээл өрийн үлдэгдэл 3.9 их наяд, тэтгэврийн зээлийн үлдэгдэл 1.1 их наяд, малчны зээлийнх 1.3 их наяд байна. Айл болгонд дэлгүүрүүд, хувийн гэсэн өрийн дарамтууд байна. Манай улсын эдийн засаг зогсонги байдалтай.
Төсвөөс санхүүжилт авдаг ААН, уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа бизнесүүд л өргүй байна.
Уул уурхайн салбарын экспортын борлуулалт 78%-ийг эзэлдэг. Өнгөрсөн оны эхний найман сард 14.9 сая тонн нүүрс экспортолсон бол энэ оны эхний найманд сард 42.6 сая тонн нүүрс экспортолсон байгаа юм. Энэ нь авдарт байгаа юмаа зараад байгаагаас авдартаа юм хийхгүй байна.
Улсын төсөв данхар байна. Хулгай, луйврыг төлүүлээд өрөө дарах боломж бидэнд байна. Жишээлбэл зөвхөн нүүрсний 40 их наяд төгрөгийн өрийг төлүүлчихвэл Засгийн газрын 31.1 их наяд болон айл өрхийн өрийг төлчих боломж байгаа юм. Цаана нь цагаан, ногоон автобусны өрийг авна гэхээр өрийг дарах боломжууд байна.
Эдийн засгаа сайжруулах боломжууд:
Төсвийн зардлыг хумих, данхар бүтцээ цөөрүүлэх.
Төрийн өмчийн 400 гаруй компани байгаагаас 4-5 нь ашигтай бусад нь алдагдалтай ажилладаг. Энэ алдагдлыг нөхөхийн тулд Засгийн газар 15-16 их наядын өр төлж байна. Төрийн өмчит компаниудыг хувьчлах хэрэгтэй. Түүнээс олсон орлогоороо улсын өрөө төлөх, хувийн хэвшилд чөлөөт өрсөлдөөний талбар болно.
Иргэдийн өрийн ачааллыг бууруулахын тулд иргэдийн орлогыг нэмэгдүүлэх боломжуудыг нээж өгөх.
Төр бүх салбарт орж, дарамт болдгийг багасгах. Жишээлбэл малчин хүн Улаанбаатарт нэг кг махыг 5,000-6,000 төгрөгөөр зардаг. Энэ нь зах зээлд гарахаар нэг кг нь 15,000-20,000 болчихдог. Үүний чөдөр нь төрийн оролцоо буюу ченжийн систем. Зөвшөөрлөө болиод малчид хотод ирээд лангуун дээр махаа 10,000 төгрөгөөр зарахад тэдний орлого хоёр дахин нэмэгдэж, хотынхны махны үнэ 50 хувиар буурах боломжууд гарч ирнэ гэсэн дүгнэлтэд хүрлээ” хэмээн ярив.