Засгийн газраас гаргасан шийдвэрийг ХЗДХ-ийн сайд танилцууллаа.
Сайд Б.Энхбаяр “Зэвсэгт хүчний дугаар ангид цэргийн албанд татагдсан залуу харамсалтайгаар амь насаа алдсан явдалд талийгаачийн ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлье.
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар болсон үйл явдалтай холбоотойгоор Батлан хамгаалах сайдын мэдээллийг сонслоо.
Ерөнхий сайдын зүгээс ХЗДХ-ийн сайдаар ахлуулсан шуурхай ажлын хэсэг байгуулж, зэвсэгт хүчний анги салбаруудад харамсалтай явдал удаа дараа болж байгаа асуудлыг ХЭҮК-ын оролцоотойгоор хянан шалгахаар боллоо.
Болж байгаа асуудлаар урд нь УИХ-ын хүний эрхийн дэд хороо хэлэлцэж, тогтоол гаргаж байсан. Уг тогтоолын хэрэгжилтийг салбарын хүрээнд буюу зэвсэгт хүчний, хилийн, дотоодын цэргийн ангиуд хэрхэн мөрдсөнийг авч үзэж, дүгнэлт боловсруулна.
Хүний эрхийн мэдрэмжтэй байх шалгуур нөхцөл, холбогдох хууль, журам, ахуйн нөхцөл гэсэн бүх хүрээнд судалж, дүгнэлт гаргах шаардлагатай байна гэсэн шийдвэр гаргалаа” гэв.
Ажлын хэсэг батлан хамгаалах салбарын зэвсэгт хүчний, хилийн дотоодын гээд бүх цэргийн ангид шалгалт хийнэ гэдгийг тэрбээр хэллээ.