Монгол Улсын Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлтэй өчигдөр зөвлөлдөх уулзалт хийжээ.
Уулзалтад оролцсон бизнес эрхлэгчид чөлөөт бүс, эдийн засгийн коридор, эрчим хүч, уул уурхайн салбарт том төслүүд хэрэгжүүлэх саналаа хэлж, төрийн албаны уялдаа холбоо муу, дунд шатанд хүнд суртал их байгааг Ерөнхий сайдад уламжиллаа. Аж ахуйн нэгжүүдтэй уулзаад өнгөрөх бус эргэх холбоотой, үр дүн гардаг байх ёстойг ч хэлсэн байна.
Энэ үеэр зарим аж ахуйн нэгжийн төлөөллийн байр сууриа илэрхийлэв.
Монголын бизнесийн зөвлөлийн Удирдах зөвлөлийн дарга Ц.Түмэнцогт:
“Оюутолгой”-г эс тооцвол уул уурхайн салбарт хөрөнгө оруулалт маш бага. Төр бүтээн байгуулалтын том төслүүдээ хийж байна. Хувийн хэвшилдээ ач холбогдол өгөхгүй, хөрөнгө оруулалт татах талаас ярихгүй байгаа. Хөрөнгө оруулалт татах дагнасан агентлаг алга.
Оюутолгойгоос ахиу орлого олоод байгаа учраас уул уурхайн салбарыг орхигдуулаад байна. Үүнийг дагаад засаглал муу. Уул уурхайн салбар ажлын байр цөөн бий болгодог. Засаглалын асуудлыг анхаарах шаардлагатай байна.
“Ачит Ихт” компанийн үүсгэн байгуулагч П.Цагаан:
Бизнес хөгжихөд саад болж буй зүйл бол засаглалын чадавх. Баг, сумын ЗДТГ ч үүнд хамааралтай. Найдвартай дэд бүтэц буюу эрчим хүч, тээвэр, судалгаа хөгжүүлэлтийн соёл Монголд муу, үр өгөөжтэй хууль эрх зүйн орчин бизнес хөгжихөд саад тээг болж байна.
“Макс” группийн ерөнхийлөгч Д.Ганбаатар:
Эрчим хүчний хараат байдал хөгжлийг хойш чангааж байна. Манай компани түүчээлээд баруун бүсэд 100 МВт-ын хүчин чадалтай станц барья. Компаниудад ижил тэгш эрх зүйн орчин бүрдүүлж өгвөл сайн байна.
МҮХАҮТ-ын танхимын дарга Д.Энхтүвшин Монголын бизнесийн орчны судалгааны урьдчилсан дүнг танилцуулав. Судалгаанд 4,606 аж ахуйн нэгж хамрагджээ.
Тэрбээр бизнес эрхлэх орчин дундаж түвшинд байна. Эдийн засгийн орчны үзүүлэлт цар тахлын үеийнхээс найман хувиар буурчээ. Интернэтийн хангамж сайжирсан, инфляцын эдийн засагт үзүүлэх нөлөө худалдаа, тээвэр, боловсруулах үйлдвэрийн бизнес эрхлэх орчин дунджаас доогуур, аялал жуулчлалын салбарынх ахисан дүн гарсан.
Бизнес эрхлэх орчныг сайжруулахад татварын таатай орчин буюу хүртээмжтэй байдал чухлыг аж ахуйн нэгжүүд онцолсныг дурдлаа.
Хууль эрх зүйн орчныг сайжруулах, зээлийн хүүг бууруулах, хүний нөөцийн хомсдолд орж буй талаар бизнес эрхлэгчид хэлжээ.
Судлаач Д.Бум-Эрдэнэ “Монголын бизнесийн тренд-2024, Үндэсний ТОП-50 CEO”судалгааны дүнг танилцуулж, “Ирэх онд бизнесийн орчин таатай байх дүр зураг гарчээ. Гэхдээ аль ч салбарт ажиллах хүчний хомсдол үүссэн, төрийн оролцоо хувийн хэвшилд их байна гэсэн дүн гарсан” гэв.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “ДНБ 2021 онд 43, 2022 онд 53.8, 2023 онд 62.4 их наяд төгрөг болж, нэг хүнд ногдох ДНБ анх удаа 5,000 ам.долларт хүрч тэлсэн байна. Ийм үед Компанийн тухай хууль үүргээ гүйцэтгэж чадаж байна уу. Хувийн хэвшил зовлонгоо яриад өнгөрдөг, төр сонсоод мартдаг нүдэн балай, чихэн дүлий байдлыг өөрчлөх цаг болсон.
Төр, хувийн хэвшилд аль алинд нь шүүмжлэлтэй зүйлс бий. Алдаа, оноогоо дүгнээд урагшлах ёстой. Монголын компаниуд ирэх 30 жилд олон улсын зах зээлд бизнесээ тэлж, гадагшаа чиглэсэн хөрөнгө оруулалт хийх, үндэсний томоохон мега төслүүдийг хамтран хэрэгжүүлэх цаг нь болжээ. Хууль эрх зүйн орчныг сайжруулахдаа хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн өнцгөөс өөрчилье.
МҮХАҮТ хувийн хэвшилтэйгээ ярилцаад, хууль эрх зүйн орчноо тодорхойл. Энэ бол шинэ хандлага. Ажлын арга барилдаа хийж буй өөрчлөлт. Бид шаардлагатай улс төрийн дэмжлэг үзүүлнэ. Цаашид аливаа хуулийн төслийг МҮХАҮТ-аар дамжуулан хувийн хэвшлийн дуу хоолойг тусгаж, хэлэлцүүлдэг жишиг тогтоох нь чухал” гэв.
Ирэх онд ДНБ 74 их наяд төгрөгт хүрч, нэг хүнд ногдох ДНБ 6,000 ам.доллар давна гэж тооцоолжээ.
Эх сурвалж: ЗГХМОНХХ