Монгол Улсын Ерөнхийлөгч 2023 оны 11 дүгээр сарын 1-5-ны өдрүүдэд Вьетнам Улсад төрийн айлчлал хийж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэг нарыг Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч Во Ванг Тыөнг гэргий Фан Тхи Дамын хамт Ерөнхийлөгчийн ордны өмнө албан ёсоор угтлаа.
Угтах ёслолын үеэр БНСВУ-ын Төрийн хүндэт харуул жагсаж, хөгжимд хоёр орны төрийн дуулал эгшиглэв.
Монгол Улсын Ерөнхийлөгч болон түүний гэргийд цэцгийн баглаа барьж, дунд сургуулийн сурагчид хоёр улсын төрийн далбаатай мэндчиллээ.
Төрийн тэргүүн нар хоёр талын албан ёсны төлөөлөгчдийг харилцан танилцуулсныхаа дараа цэргийн хүндэтгэлийн парад үзэж сонирхлоо.
Угтах ёслолын дараа Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БНСВУ-ын Ерөнхийлөгч Во Ванг Тыөнг нар албан ёсны хэлэлцээ хийхээр уулзалтын танхим руу явлаа.
Хо Чи Минийн бунханд хүндэтгэл үзүүлэв
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дайнд амь үрэгдсэн дайчдын хөшөөнд өчигдөр цэцэг өргөв.
Монгол Улсын Ерөнхийлөгчийг гэргийн хамтаар Дайнд амь үрэгдсэн дайчдын хөшөөнд хүрэлцэн ирэхэд БНСВУ-ын Төрийн хүндэт харуул жагсаж угтлаа.
Хөшөөнд цэцэг өргөх үед үлгэр жишээ үлээвэр найрал хөгжимд гашуудлын ая эгшиглэв.
Дайнд амь үрэгдсэн дайчдын хөшөөг үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө болон эх орноо хамгаалах үйл хэрэгт эрэлхэг зоригтой тэмцэж, амь эрсэдсэн цэрэг эрсийн алдар гавьяаг мөнхөлж, үүрд санан дурсах зорилгоор босгожээ.
Тус цогцолбор нь 12,000 ам метр бүхий талбайг хамарсан 12.6 метр өндөртэй бөгөөд амь үрэгдсэн баатрыг харуулсан хөшөө юм. Тавцангийн их бие нь дөрвөлжин хэлбэртэй бөгөөд 8.7 метр өндөр, суурь нь 0,9 метр зузаантай. Ойролцоох цэнгэг усны цөөрөм нь 1,255 м.кв талбайтай, 1,620 м.кв талбай бүхий ногоон байгууламжийг хамарсан байдаг.
Үүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч гэргийн хамт Хо Чи Минийн бунханд хүндэтгэл үзүүлэв.
Вьетнамын ард түмний удирдагч Ерөнхийлөгч Хо Чи Минийн бунхан нь Ханой хотын Ба Динь-ий талбайд байрладаг бөгөөд Ерөнхийлөгч Хо Чи Минь 1945 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр энэ талбайд бүх нийтийн анхны цуглааныг зохион байгуулж, Бүгд Найрамдах Ардчилсан Вьетнам Улс байгуулагдсаныг зарлан тунхагласан.
1973 оны 09 дүгээр сард бунхны барилгын ажлыг эхлүүлсэн бөгөөд 1975 оны 6 дугаар сарын 16-нд барьж дуусгаж, мөн оны 8 дугаар сарын 26-нд албан ёсны нээлтийг хийжээ.
Бунхан нь дөрвөлжин хэлбэртэй, хааш хаашаагаа 30 метр өргөнтэй, өндөр нь 21.6 метр бөгөөд 7 баллын хүчтэй газар хөдлөлтийг тэсвэрлэхээр баригдсан байна. Бунхны нийт талбайн хэмжээ 21,000 метр хавтгай дөрвөлжин болно.
Эх сурвалж: ЕТГ-ын ХМА