Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай анхдагч хуулийн төсөл болон дагалдах 27 хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар хуулийн төсөл боловсруулжээ.
Энэ хүрээнд тэрбээр Нийслэлийн Бодлогын судалгаа шинжилгээний төвөөс боловсруулсан замын хөдөлгөөний түгжрэл, агаарын бохирдлыг бууруулж, гэр хорооллыг орон сууцжуулан, хот төлөвлөлтийн алдааг засах болон шийдвэр гаргалтад иргэдийн оролцоог хэрхэн нэмэгдүүлэх чиглэлээр төлөвлөсөн бодлогын судалгааг танилцууллаа.
Уг хуулийн төслүүдэд автомашины дугаар олголтыг хязгаарлах бодлогыг тусгасан байна.
Улаанбаатарчууд 717 цаг буюу нэг жилд амьдралынхаа нэг сар, дотоодын нийт бүтээгдэхүүний 9% буюу 3.8 их наяд төгрөгийг түгжрэлд зарцуулж байна.
Гааль болон Авто тээврийн үндэсний төвийн мэдээллээс үзвэл Улаанбаатар хотын авто замд нийслэлийн дугаартай, бүртгэлтэй 720,000 тээврийн хэрэгсэл байгаа бөгөөд энэ тоо жилд дунджаар 50,000-аар нэмэгдэж байгаа юм. Энэ хурдаар өсвөл хэдэн жилийн дараа Улаанбаатар хот нэг сая автомашинтай болж, дэлхийд анти-статистикаараа тэргүүлэх магадлалтай аж.
Иймд импортын автомашинуудыг хязгаарлах бодлого баримтлахгүйгээр авто замын сүлжээг өргөтгөх, тойрог хурдны замууд байгуулах, холбоос болох тойрог замуудыг нэмэх байдлаар түгжрэлийг шийдэж боломжгүй гэж үзэж байгаа юм байна.
Тийм учраас Улаанбаатар хотод олгогдох автомашины дугаарын дээд хязгаарыг тогтоохыг хуулийн төслүүдэд тусгасан байна. Энэ хүрээнд автомашины дугаар эзэмшигчдийн эрхийг хязгаарлахгүй гэв.
Автомашины дугаар эзэмшигчид өөрсдийн автомашины дугаарыг бусдад шилжүүлэх, худалдаалах, барьцаалах боломжтой бөгөөд шинэ автомашин авах тохиолдолд эзэмшиж буй автомашинаа хөдөө орон нутагт худалдаалах, эсвэл устгуулах замаар бүртгэлээс хасалт хийлгээд дугаараа бусдад шилжүүлэх болон өөрөө шинэ автомашин авахдаа ашиглах эрх зүйн зохицуулалтыг хийж байгаа юм байна.