Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар өнөөдөр түгжрэл, агаарын бохирдлыг бууруулж, гэр хорооллыг орон сууцжуулах чиглэлээр төлөвлөсөн бодлогын судалгааг танилцууллаа.
Нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх хүрээнд 700 орчим, орчин үеийн евро стандартын шаардлага хангасан автобусаар парк шинэчлэл хийхээр зорьж байгаа аж.
2007 онд ЖАЙКА олон улсын байгууллагын хийсэн судалгаагаар нийт Улаанбаатарчуудын 60 орчим хувь нь нийтийн тээврээр зорчдог байсан бол өнөөдөр 24% нь л зорчиж байна.
“Нийтийн тээвэр их зорчдог гол замуудын нэгдүгээр эгнээг бүрэн чөлөөлнө”
Үүнтэй холбоотойгоор Улаанбаатар хотын Бага тойруу, Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө гэх мэт нийтийн тээвэр их зорчдог гол замуудын нэгдүгээр эгнээг бүрэн чөлөөлөх, түүгээр зорчиж байгаа нийтийн тээврийн автобуснууд хурдан явах боломжийг бүрдүүлэх, тээвэр зохицуулалтын болон авто замын шинэчлэлийн ажлуудыг 2024 онд хийхээр төлөвлөж байгаа юм байна.
Ингэснээр дараах байдлаар нэгдүгээр эгнээний эрчим сайжирч иргэд нийтийн тээврээр зорчих нь ихэснэ гэж харж байгаа аж.
Ирэх онд Улаанбаатар хотод гурван шугам бүхий метроны төсөл хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа юм байна.
Энэ чиглэлээр арваннэгдүгээр сарын 15-наас эхлэн метро болон тойрог хурдны замын чиглэлээр БНХАУ-ын төрийн өмчит компаниудтай хэлэлцээрийн ширээний ард сууж эхлэх гэж байгаа гэдгийг хотын дарга онцлон хэллээ.
Дараах гурван байршилд метроны шугам байгуулах судалгаа хийгдээд явж байгаа аж.
- Их тойрууг тойруулаад
- Үйлдвэрчний эвлэлийн гудамж
- Долоон буудлаас яармагийн товчоо хүртэл
Хэрэв хэлэлцээр амжилттай болбол уг бүтээн байгуулалтын ажил эхлэх юм байна. Эхний ээлжид хэлэлцээр явагдана дараа нь төсөвт өртөг зэрэг зүйлсийг гаднаас зөвлөх үйлчилгээ авч хийх төлөвлөгөөтэй байгаа юм байна.
Авто замын сүлжээг өргөтгөх, гольцоо, тойрог замуудыг хийх, цаашлаад 12 тойрог замын холбоос бүхий сүлжээг бий болгохоор төлөвлөсөн байна.
Судалгаагаар Баянхошуу, Ханын материал, Толгойт орчим болон Долоон буудлаас эхтэй Хайлааст, Чингэлтэй, Таван буудал, Дэнжийн 1000, Зурагт орчимд агаарын бохирдлын томоохон цөм байгаа юм байна.
Харин Их тойруу буюу хотын төв хэсэг дэх агаарын бохирдлын гол хүчин зүйл нь автомашинуудаас ялгарч байгаа азотын давхар исэл байна.