УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болж байна.
НӨАТ-ын буцаан олголтыг 5% болгох саналыг 100,000 гаруй хүн дэмжсэнээр хууль санаачлах боломжтой болсон талаар өмнө нь мэдээлсэн.
Энэ талаар УИХ-ын дарга Г.Занданшатар “Иргэд хоёр хувийн буцаан олголт биш 10 хувийн НӨАТ төлөхгүй байхыг илүүд үздэг нь хэвийн үзэгдэл болсон. Нийгэмд ил байгаа энэ асуудалд арга хэмжээ авахгүй, шийдвэр гаргахгүй төлөөлөгчдийн байгууллага байж таарахгүй.
Төсвийн байнгын хороо тухайн асуудлыг судалж, хуулийн төсөл санаачилна.
Зөвхөн зардал талаас нь харж өрөөсгөл ойлголтыг төрүүлж болохгүй. НӨАТ-ын буцаан олголтыг нэмэгдүүлэх нь шууд татвар бууруулж буй хэрэг биш бөгөөд иргэдийн баримт авах, түүнийгээ системд бүрдүүлэх сэдлийг нэмэгдүүлнэ. Энэ хэмжээгээр ибаримтын орлого нэмэгдэж, далд эдийн засаг ил болно. Монгол Улсын далд эдийн засгийн хэмжээ 16.5-22.5 хувь гэсэн дүн гарсан.
Худалдаа эрхлэгчдийн 53 хувь нь ибаримт өгдөг байна. Гэхдээ зөвхөн иргэд шаардсан эсвэл үнийн дүн өндөртэй бараанд өгч байгаа нь тогтоогдсон. Тэднээс асуулга асууж, ярилцахад НӨАТ-ын буцаан олголттой холбоотойгоор иргэд ибаримт ихээр шаардаж байгаа гэдгийг хэлж байгаа юм.
НӨАТ-ын буцаан олголтыг нэмэгдүүлэхийг дэмжиж, 104,791 иргэн санал өгсний
- 30.4 хувь нь 18-25 насныхан
- 21.8 хувь нь 26-30 насныхан
- 22.3 хувь нь 31-35 насныхан байна.
Өөрөөр хэлбэл 18-35 насныхан нийт санал өгөгчдийн 74.5 хувийг эзэлж байгаа юм. Бид залуучуудынхаа оролцоог үгүйсгэдэг байсан. Тэгвэл асуудалд тэдэнд биш бидэнд байгааг харуулж байна. Түүнчлэн санал өгсөн иргэдийн 70 хувь нь эмэгтэйчүүд байна. Тэд өрхийн санхүүгийн гол оролцогчид, татварын хэмжээ, НӨАТ-ын буцаан олголт тэдний санааг зовоосон асуудал мөн болох нь нотлогдож байна” хэмээв.
Харин Сангийн сайд Б.Жавхлангийн хэлснээр НӨАТ-ын буцаан олголтыг 5% болговол ирэх оны төсөвт 600 тэрбум төгрөг шаардлагатай болно.