Ихэнхдээ хүмүүс оффисын ажилчдыг завтай, юу ч хийдэггүй, ширээнийхээ ард зүгээр л суудаг мэтээр төсөөлдөг. Гэтэл үнэндээ бүх оффисын ажилчид зүгээр суудаггүй бөгөөд заримдаа суух ч завгүй ажиллах тохиолдол гардаг. Мэдээж, хэрвээ та оффисын ажлаас аль хэдийн уйдсан бол уйтгартай ажил хийхгүй байх анхны алхмаа өөрөө хийх хэрэгтэй. Хамгийн гол нь хаана ажиллах биш харин юу хийх нь чухал гэдгийг санаарай. Таны ажил таны сонирхлыг татах ёстой шүү.
1. Анхны алхам
Шатрын хөлөг нүүлгэж байх үед нүүх ямар ч боломжгүй үед “ноён”-оор нүүхээс өөр аргагүйд хүрдэг бөгөөд үүний дараа бусад нүүлтээр нүүх боломж бүрддэг. Тиймээс хэрвээ та өөрийн хийж байгаа ажлаас аль хэдийн уйдсан бол эхний ээлжид А4-ийн цаас авч, “халагдах” хүсэлтээ бичээрэй. Үүний дараа хэсэг хугацаанд гэртээ сууж, ямар ажил, юу хийхийг хүсэж байгаагаа ойлгохыг хичээгээрэй. Мэдээж, гэртээ суух хугацаанд санхүүгийн асуудал тулгарах магадлалтай байдаг учир хэрэглээндээ бага зэрэг хязгаарлалт хийх хэрэгтэй болох биз. Үүнээс гадна та эрх чөлөөний амтыг мэдэрч, санхүүгээ хангаад зогсохгүй эрх чөлөөгөө ч алдахгүй байх боломжтой ажлын эрэлд гарч, өөрийгөө хөгжүүлж эхэлнэ. Огт юу ч хийхгүй гэртээ суух гэдэг уйтгартай зүйл бөгөөд цаг хугацаа алтнаас илүү үнэтэй байдаг учир түүнийг зөвөөр зарцуулах хэрэгтэй гэдгийг та сайн мэдэж байгаа болов уу. Тиймээс гэртээ байх хугацаандаа өөрийгөө олж, гаргасан шийдвэртээ үнэнч байж, шаардлагатай бол өөртөө зориулж аливаа зүйлийг суралцах цаг гаргах хэрэгтэй .
2. Олон нийтийн сайн дурын үйл ажиллагаа
Танаас өөр хэн ч танд таалагдах ажлыг сонгож чадахгүй гэдгийг бид дээр дурдсан. Тэгвэл олон нийтийн сайн дурын үйл ажиллагаа эрхлэх нь нэгэн хэвийн ажил биш учир танд сонирхолтой санагдах магадлалтай. Магадгүй та ирээдүйд улс төрч болох хүсэлтэй байвал зүгээр суух бус харин улс төрийн холбогдолтой сайн дурын үйл ажиллагаанд гар бие оролцох хэрэгтэй. Гэхдээ энэ нь зүгээр л цахим сүлжээний цаанаас нийтлэл, сэтгэгдэл бичих биш шүү. Улс төрч болохын тулд маш олон зүйлийг туршиж үзэх хэрэгтэй болохыг алдартай улс төрчдийн намтраас уншиж болно. Үүнээс гадна устаж үгүй болж байгаа амьтдыг аврах үйл ажиллагаа, Африкийн хүүхдүүдэд боловсрол олгох үйл ажиллагаа гээд таны сэтгэлд нийцэхүйц маш олон төрлийн сайн дурын ажил байдаг гэдгийг мартаж болохгүй.
3. Баян гуйлгачин
Дэлхий дээр “дауншифт” гэх ойлголт байдаг бөгөөд энэ нь өөрийнхөө аз жаргалын төлөө аливаа нийтийг хамарсан соёл иргэншлээс татгалзах явдал юм. Жишээлбэл: та гэнэтхэн аз жаргалтай амьдрахад танд их хэмжээний мөнгө хэрэггүй болохыг ойлгож, өөрийн хийж байсан сонирхолгүй ажлаас гарах хүсэлтэй байж болох юм. Гэхдээ бодит байдал дээр хангалттай хэмжээний мөнгөгүй хэр нь аз жаргалтай, аливаа зүйлийг эергээр харж, өөрийнхөө хүссэнээр амьдарч байгаа хүн баян уу? Эсвэл зээлээр авсан тансаг машинтай, зээлээ төлөхийн тулд өдөр шөнөгүй дургүй ажлаа хийж байгаа хүн баян уу? гэдгийг сайн бодох хэрэгтэй. Ерөнхийдөө сонголт таны гарт байгааг гэдгийг мартаж болохгүй.
4. Шинэ ур чадвар
Гэртээ сууж байх хугацаандаа та зүгээр суух биш харин өөрийн ур чадварыг хөгжүүлэх, шинэ мэргэжилтэй болох тал дээр анхаарал хандуулаад үзээрэй. Жишээлбэл: сэтгүүлч хүн гэхэд л их сургуульд ерөнхий хичээл үзэх боловч ур чадварыг өөрийн хичээл зүтгэлээр л хөгжүүлж чаддаг. Магадгүй та зохиол, нийтлэл бичих чадвартай ч дургүй ажлаа хийгээд дуртай ажлаа хийхэд цаг зав гарахгүй, уг чадвараа хөгжүүлж чадахгүй байвал гэртээ сууж байх хугацаагаа үр бүтээлтэй ашиглаад үзээрэй. Үүнээс гадна Photoshop болон After Effects программуудыг өөрийн болгож, дизайнерийн сургалтад сууснаар та хэзээ ч ажилгүй байхгүй л болов уу.