Энэ зун хамтлаг, дуучдын задгай талбайн хэд хэдэн тоглолт болж, олныг цуглуулсан. Төв цэнгэлдэх хүрээлэн бол хамгийн том задгай талбайтай тайз гэдгээрээ онцлог. Тиймээс энэ тайзыг хэн дуртай уран бүтээлч нь “амлаж” тоглолт хийдэггүй. Тэдний нэг бол хип хоп урлагийн томоохон төлөөлөл болсон “Татар” хамтлаг. Төв цэнгэлдэх хүрээлэнд тоглолт хийх зараа түгээсэн нь фенүүдийнх нь хувьд хамтлагийн 20 жилийн ойн тоглолт том хүлээлтийг үүсгэсэн. Тэр ч утгаараа тэд задгай талбайд 30 гаруй мянган үзэгчийг цуглуулж чадсан. Бас багагүй шуугианыг дагуулаад амжсан.
Тэгвэл “Татар” хамтлагийнхан тун удахгүй үнэнч сонсогчдодоо гэнэтийн бэлэг барих гэж байна. Тэдний энэ удаагийн тоглолт ирэх арваннэгдүгээр сарын 10-нд “UG arena” цогцолборт болох аж.
Тэдний 20 жилийн ойн “Бороо” тоглолт хит дуунуудаас бүрдсэн бөгөөд тайзнаа тэдэнд хүндэтгэл үзүүлэхээр олон жил уран бүтээлээ завсарласан хамтлаг, дуучид тайзнаа эргэн гарч, дуулсан гэдгээрээ онцлог байсан юм. Тодруулбал, Ука, Намуунаа, “Мөнхийн рэп”, “Флаш”, “4 зүг” гэх мэт уран бүтээлчид хүрэлцэн ирж, уран бүтээлээ хүргэсэн. Мөн хамтлагийн 20 жилийн ойн нэг том ажил нь уран сайхны кино. Энэ киногоор “Татар” хамтлаг хэрхэн бүрэлдэж, яаж хамтлагаа байгуулсан тухай өгүүлнэ. Нийт есөн ангитай. Эхний гурван ангид бага насны хүүхдүүд тоглох бол үлдсэн ангид нь хамтлагийн залуус өөрсдөө тоглоно. Бид гол дүрийн сонгон шалгаруулалтыг хийж, гурван хүүхдийг сонгосон. Үнэнч фэнүүдэд нь том бэлэг барьж, тухайн үеийн 1980, 1990-ээд оны нийгмийн амьдралыг харуулах болно гэдгийг уран бүтээлчид онцолж байсан билээ.