S.Outlet, Шунхлай бензин колонк, Aqua garden хорооллыг нураах шийдвэрийн талаар Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар танилцууллаа.
Тэрбээр “Өмнөх нийслэлийн Засаг даргын гаргасан дээрх шийдвэрийг бид удахгүй хэрэгжүүлнэ.
Яг өнөөдрийн байдлаар тэдгээр байгууламжийг нураах чиглэлээр газар дээр нь очиж амжаагүй байгаа.
Бид багаараа олон хоног сууж, хуулийн суурь өөрчлөлтийг хийхээр ажиллаж байна. Энэ амралтын өдрүүдэд S.Outlet, Шунхлай бензин колонкийг нураах чиглэлээр газар дээр нь очиж ажиллана. Ирэх долоо хоногт албадан нураах гүйцэтгэгчийг шалгаруулах хугацаатай байгаа.
Өөрөөр хэлбэл 30 хоногийн өмнө албадан нураах ажлыг гүйцэтгэгчийг зарласан юм билээ. Ирэх долоо хоногт сонгон шалгаруулах бөгөөд үүний дараа шийдвэрээ хэрэгжүүлнэ.
Aqua garden-тай холбоотой асуудалд бид хүлээцтэй хандаж ирсэн. Өнгөрсөн хугацаанд сануулж ажилласан. Харамсалтай нь барилгын ажил гүйцэтгэж байгаа хүмүүс энэ ажлаа зогсоохгүй байна.
Эрчим хүчийг нь тасалсан ч өөр эх үүсвэр залгаад ажлаа үргэлжлүүлж байгаа юм билээ. Үүнийг зогсоож, захиргааны шийдвэрийн биелэлтийг хангуулах чиглэлээр тодорхой ажлууд хийнэ. Том барилга учраас хүний амь нас, эрүүл мэнд хохироохгүй үүднээс ажиллана.
Улсын байгаль орчны ерөнхий байцаагч нураах шийдвэр гаргасан юм билээ. Үүнийг одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль тогтоомжоор нийслэлийн Засаг дарга, түүний харьяа албад гүйцэтгэх хуультай” хэмээв.