“Бидэнд тулгамдаж буй том асуудал худалдан авах ажиллагаа. Саяхан нийтийн тээврийн автобус худалдан авалттай холбоотой харилцаанаас болж олон албан тушаалтан чөлөөлөгдөж, эрүүгийн хэрэгт шалгагдаж байна” хэмээн Хотын дарга Х.Нямбаатар хэллээ.
Тэрбээр үргэлжлүүлэн Гэр хорооллыг орон сууцжуулах тухай анхдагч хуулийн төсөлд оруулсан зохицуулалтуудын талаар “Худалдан авах ажиллагаанд гарсан алдааны нэг нь зөвхөн төрийн байгууллагуудын түвшинд хийгдсэн.
Тендерийн бичиг баримт, стандартыг боловсруулах ажлыг шинэчлэгдэх хуульд мэргэжлийн холбоодод шилжүүлнэ. Үнэлгээний хороод сонгон шалгаруулалтаа хийнэ. Нийслэл болон дүүргийн худалдан авах ажиллагааны газрын зарим орон тоог цомхотгохоор хуулийн төсөлд тусгаж байгаа.
Дараагийн асуудал том төсөл хөтөлбөрүүд газар чөлөөлөлтөөс болж зогсонги байдалд орсон. Газар чөлөөлөлттэй холбоотой үнийн дээд хэмжээ зэрэг харилцааг хуульд нарийвчлан тусгаагүйгээс орон сууц, инженерийн шугам сүлжээ татах, зам барих ажил зогсож байна.
Газар чөлөөлөлттэй холбоотой томоохон зохицуулалтуудыг хуулийн төсөлд оруулж байна. Тухайлбал тухайн нөлөөллийн бүсэд орсон иргэн, ААН, байгууллагуудын 65%-аас дээш дэмжлэг авсан тохиолдолд газар чөлөөлөлтийг албадан гүйцэтгэх, нөхөн олговрыг төрөөс тэр дор нь өгөх зохицуулалтыг оруулсан.
Гэр хорооллын дахин төлөвлөлт гэж сүүлийн 20 жил ярилаа. Мөнхбаяр, Бат-Үүл даргын үед өөр, өөр нэршилтэй байв.
Харамсалтай нь өнөөдөр дахин төлөвлөлтөөр газраа чөлөөлсөн олон иргэн орон байраа алдаж, төлөвлөлтийн ажил яваагүй байгаад дүн шинжилгээ хийсний үндсэн дээр хотоос нэгдсэн журмаар газрыг нь чөлөөлж, айлуудын хашааг орон сууцаар солих хэлбэрийг хуулийн төсөлд тусгалаа.
Инженерийн шугам татагдсан гэр хорооллыг орон сууцжуулахад бэлэн болсон бүсүүдэд иргэд, ААН-үүдэд гурван төрлийн санал тавьж, 65-аас дээш хувийн санал авбал газар чөлөөлөлтийн ажлыг гүйцэтгэх нөхцөлийг оруулж байна. Үүнд:
- Газрыг бэлэн мөнгөөр сольж, худалдаж авах
- Түр орон сууцанд шилжүүлж, тухайн байршилд баригдсан орон сууцыг өмчлүүлэх
- Бэлэн орон сууцаар газар, объектыг солих гурван нөхцөлтэй.
Эдгээр ажлыг хийхгүйгээр агаарын бохирдол болон авто замын түгжрэлээс салах боломжгүйг өмнө нь нийслэл хотод хийгдсэн судалгааны үндсэн дээр дүгнэлтэд хүрсэн.
Мөн хотын дүрэм, стандартыг хуульчилж байгаа. Жишээ нь орон сууцны нэг давхрыг үйлчилгээний зориулалттай болгохыг хориглоно.
Төв магистраль гудамж, зам дагуу хориглосон үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхгүй болгоно. Жишээ нь Хотын А бүсэд, гудамжны нэгдүгээр эгнээнд Вьетнам засварын газар инженерийн шугам сүлжээнд холбогдолгүй үйл ажиллагаа явуулж буйг хориглоно гэсэн үг.
Нийтийн тээврийн стандарт, метро зэрэг төрөл хэлбэрүүдийг нэвтрүүлэхтэй холбоотой харилцаануудыг хуулийн төсөлд оруулж, Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.
Ерөнхий сайд энэ асуудлаар яамдаас санал авахаар боллоо. Хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, УИХ-д өргөн мэдүүлнэ” хэмээн ярилаа.
Суурь судалгаанд үндэслэн эдгээр зохицуулалтыг хуулийн төсөлд оруулсныг тэрбээр тодотгов.
Улаанбаатар хотод одоо бэлэн болсон дэд төв зургаа, дахин төлөвлөлтөөр 150,000 айлыг орон сууцжуулах төлөвлөлт байгаа аж.