[starbox]
-Цагаан ордны Харилцаа холбооны захирлаар томилогдож буй Хоуп Хикс гэгч хэн бэ. Фото модель байсан залуухан бүсгүйг сонгох шалтгаан юу байв-
Цагаан ордон дахь Харилцаа холбооны асуудал эрхэлсэн захирлыг түр орлон гүйцэтгэгчээр 28 настай Хоуп Хикс хэмээх бүсгүй томилогдлоо. Энэ тухай эх сурвалжийн мэдээлэлд үндэслэн Fox News агентлаг мэдээлсэн байна. Тус хэвлэлд тэмдэглэж буйгаар Хикс нь Дональд Трамптай сонгуулийн өмнөх кампанит ажилд оролцож байсан аж. Тухайлбал, тэрбээр Трампын “Twitter” хуудсыг удирдан ажилладаг байв. Үүнээс өмнө тэрбээр Трампын охин Иванкагийн загварын төсөлд оролцож байлаа.
Хиксийн өмнө Цагаан ордны Харилцаа холбооны асуудал эрхэлсэн захирлаар Энтони Скарамуччи 10-хан хоног ажиллаад, хоёр долоо хоногийн өмнө огцорсон гэдгийг бүгд мэднэ. Харин энэхүү том албан тушаалд Хикс томилогдож буй нь тодорхой зорилготой, зарчимч, дипломатч зантай нь холбоотой гэж Америкийн хэд хэдэн хэвлэлд тэмдэглэжээ. Харин шүүмжлэгчид түүнийг энэ албан тушаал томилсон хэд хэдэн шалтгаан бий гэж харж байна.
Цагаан ордонд бас нэгэн халаа сэлгээ хийгдлээ. Тодруулбал, Дональд Трампын засаг захиргааны Харилцаа холбооны асуудал эрхэлсэн захирлын түр орлон гүйцэтгэгчээр 28 настай Хоуп Хикс хэмээх бүсгүй томилогдсон байна.
Цагаан ордныхон үүгээрээ Харилцаа холбооны асуудал эрхэлсэн тэргүүнийг томилоход тодорхой хугацаа шаардагдана гэдгийг харуулж буй бололтой. Тэр болтол АНУ-ын Ерөнхийлөгчийн туслахаар ажиллаж байсан Хикс Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Сара Сандерстай хамтран ажиллах юм. Хэдий тийм боловч Хиксийн эрх мэдэл, албан тушаал нэмэгдэж байгаа гэдгийг “The Washington Post” тэмдэглэжээ.
Трампын багийн нэгэн тоглогч
Хоуп Хикс Трампын гэр бүлд ажиллаад нэлээд удаж буй юм. Тэрбээр 2012 онд Иванка Трампын компаниудын нэг болох “Hiltzik Strategies”-т анх ажилд оржээ. Энд тэрбээр олон нийттэй харилцах албанд ажиллаж, тэрбумтны охины хувцасны брэндийн нэр хүндийг өсгөхөд тусалж байлаа. Харин 2014 оноос Хикс Дональд Трампын сонгуулийн өмнөх кампанит ажилд нэгдсэн байна.
Ажлын хамт олон нь энэ бүсгүйн хөдөлмөрч занг шагшин магтдаг аж. Тэрбээр сонгуулийн сурталчилгааны үеэр ирээдүйн Ерөнхийлөгчийг байнга даган явж, хажуугаар нь түүний олон нийтийн сүлжээг нь хариуцаж, сэтгүүлчидтэй холбоо тогтоон ажилладаг байв.
Хамтран ажилласан хүмүүсийнх нь тооцоолсноор тэрбээр өдөр бүр 250 гаруй хүсэлтийг хүлээн авч, хариу өгдөг байсан гэнэ. Хикс ажилдаа махруу учраас хувийн хуудас хөтлөх ч завгүй, өөрийн гэсэн албан ёсны аккаунт байдаггүй бололтой.
Ийм ажиллах чадварыг Трампын багийнхан маш ихээр үнэлдэг. “Newsweek”-ийн 2017 оны зургаадугаар сарын мэдээллээс үзэхэд Хикс нь Цагаан ордон дахь хамгийн өндөр орлоготой ажилчдын нэгд багтжээ. Түүний жилийн орлого 179 мянган ам.доллараар үнэлэгдэж байна.
2017 онд тэрбээр “Forbes” сэтгүүлээс гаргадаг 30 нас хүрээгүй хэрнээ хамгийн амжилттай яваа 30 хүний жагсаалтад багтжээ. Харин улс төр, эрх зүй гэсэн ангилалд нэгдүгээрт бичигдэж буй юм.
АНУ-ын зарим хэвлэл Трампын гэр бүлийнхэн болон Хикс нарын эртний хэлхээ холбооны ачаар тэрбээр Цагаан ордон дахь өрсөлдөөнөөс холуур байж чадсан гэж үзэж байна. Тухайлбал CNN агентлагийн мэдээлснээр зарим албан тушаалтнууд Ерөнхийлөгчийн халдашгүй, сэтгэл зүйн дэмжлэгийн ачаар түүнийг дээш ахисан гэж үзэж байгаа гэнэ.
Туршлагагүй гоо бүсгүй
Хоуп Хиксийг ийм чухал ажлыг хийх туршлагагүй нэгэн гэж үзэх ч хүмүүс цөөнгүй байна. Олон хүн түүнийг фото моделиор анх ажиллаж, Ralph Lauren зэрэг брэндийг сурталчилж явсныг нь дурсдаг.
Фото модель явсан энэ бүсгүйн гэр бүлийн байдалд ч анхаарах нь зүй ёсны хэрэг. Түүний аав “Ogilvy Public Relations Worldwide” компанийн захирал, Үндэсний хөлбөмбөгийн лигийн харилцаа холбоо хариуцсан гүйцэтгэх дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байв. Харин ээж нь Теннесси мужаас конгрессын гишүүн болсон, Ардчилсан намын гишүүн Эд Жоунсын хууль зүйн зөвлөх байжээ. Хоуп Хиксийн авга өвөө нь “Техасо” компанийн олон нийттэй харилцах хэлтсийг толгойлдог байсан бол нагац өвөө нь Ерөнхийлөгч Жонсон, Никсоны үед Хөдөө аж ахуйн яаманд ажилладаг байв. Тиймээс Хоуп Хикс олон нийт, хэвлэлтэй харилцах салбарт гэр бүлээсээ хангалттай мэдлэг олж авсан нэгэн байх магадлалтай юм.
Гэхдээ гэр бүлийн туршлагаас гадна бүсгүйн зоримог, зарчимч, зорилгодоо хүрэхээр тууштай тэмцэгч чанарыг үнэлэх хэрэгтэй. Тэрбээр их сургуульд суралцаж байхдаа лакроссын орон нутгийн багт тоглодог байжээ. Энэ бол бэйсбол, регбигийн холимог, нэлээд хүнд төрлийн спорт. Түүний дасгалжуулагч Лиз Холмс ярихдаа Хикс төрөлхийн дайчин зан чанартай гэжээ. Лиз Холмс “Тэр үнэхээр ухаалаг. Тоглохдоо ч ухаантай тоглодог. Тэр бол жинхэнэ багийн тоглогч, бас дайчин эмэгтэй” хэмээн магтсан байна.
Үүнээс гадна Хиксийг эелдэг зөөлөн, арга барилтай болохоор сэтгүүлчдэд төдийгүй эвгүй зантай АНУ-ын Ерөнхийлөгчтэй ч учраа амархан ололцдог гэжээ.
Скарамуччи яагаад огцров?
Эндээс үзэхэд Хиксийн эелдэг, юмны арга эвийг олдог зан Цагаан ордны Харилцаа холбоо эрхэлсэн захирал асан Энтони Скарамуччид дутагдаж байсан бололтой. Түүний хувьд энэ албан тушаалд 10-хан хоног ажиллаад л долоодугаар сарын 31-нд огцорсон билээ.
Түүнийг Цагаан ордны албаны шинэ удирдагч Жон Келлигийн шахалт шаардлагаар халсан гэдэг. Гэхдээ Америкийн зарим хэвлэлд Скарамуччиг Цагаан ордны албаны удирдагч Райнс Прибас, Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Шон Спайсерыг огцруулах санаачилгыг гаргасан гэж мэдээлжээ. Тэрбээр хамт ажиллагсдаа элдвээр доромжилсон аж.
Скарамуччи 10 хоног ажиллах хугацаандаа хэд хэдэн хатуу мэдэгдлийг хийсэн. Тэрбээр өөрөө хэвлэлээр гардаг муу мэдээллийг зогсоож, эмх журам тогтоох хатуу бодолтойгоор Цагаан ордонд орж ирсэн гэдэг байв. Түүнчлэн тэрбээр шаардлагатай бол дор ажиллаж буй бүх хүнээ халаад, зорилгодоо хүрэхэд бэлэн байна гэжээ. Гэвч тэрбээр хэтэрхий их хичээж, хувь заяаны эрхээр өөрөө халагдсан бололтой.