Тэнгис кино театрын ард талд хүүхдийн тоглоомын талбай байсан газар өндөр оффисын барилга барих гэж байгааг эсэргүүцэж, Чингэлтэй дүүргийн ИТХ-ын төлөөлөгч С.Баярмагнай өнөөдөр мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Хүүхдийн тоглоомын талбайг хашаалж, оффисын барилга барих гэж буй асуудлыг 2004 оноос хойш оршин суугчид эсэргүүцэж байгаа юм. Өмнө нь энэ хавьд маш том хүүхдийн тоглоомын талбай байсан.
Бидэнд барилга биш тоглоомын талбай хэрэгтэй байгаа учраас Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл, Хотын дарга Х.Нямбаатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарт албан бичгээ хүргүүлнэ.
Энэ талбайд барилга барихыг эсэргүүцсэн иргэдийн гарын үсгийг ч цуглуулсан байгаа. Хүүхэд өөрийнхөө эрхийг хамгаалж мэддэггүй, чаддаггүйг нь далимдуулж тэдний эрхэд халдаж болохгүй.
Хүүхдийн тоглоомын талбайг дээрэмддэг энэ мэтчилэн асуудал Улаанбаатар хотын хэмжээнд их гарах боллоо. Өнөөдөр бид л ирээдүйнхээ эрх ашгийг хамгаалахгүй бол өөр хэн ч хамгаалахгүй.
Улаанбаатар хотод барилга шиг хэрэггүй юм байхгүй. Хот бүхэлдээ цементэн шигүү болоод дууслаа. Ногоон байгууламж, тоглоомын талбай, тухтай орчин л иргэдэд хэрэгтэй байна” гэлээ
Мөн “Та бүхний харж байгаа энэ хашаалсан талбайд 10 давхар хөгжмийн сургууль барина гэж байгаа. Ингэж нэрлэж байгаа нь зүгээр халхавч. Энэ мэтчилэн элдэв янзын байдлаар хулхиддаг.
Жишээлбэл хажуу талын байшинг анх барихдаа усан оргилуур байгуулна гэж зар тавьж хулхидсан.
Хүүхдүүдээс тоглоомын талбайг нь булаана гэдэг бол тэднийг хүчирхийлж байгаа нэг хэлбэр. Тоглох талбайгүй хүүхдүүд хаашаа явах вэ. Машин зам руу гарна эсвэл гэрийнхээ буланд гар утсаа оролдоно. Хотын цементэн ширэнгэд чинь яаж амьдрах юм бэ” гэж Чингэлтэй дүүргийн ИТХ-ын төлөөлөгч С.Баярмагнай хэллээ.