Монгол Улсын усны нөөц өнөөгийн байдал, шийдэл, боломж, сорилт сэдэвт хэлэлцүүлэг Хэвлэлийн хүрээлэнд өнөөдөр боллоо.
Энэ үеэр Монголын мянганы сорилтын сангийн Баруун эх үүсвэрийг шинээр байгуулах төслийн захирал Б.Батсүх Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөрийн тухай илтгэл танилцуулав.
Тэрбээр “Урт хугацаандаа нийслэл хотын эдийн засаг өргөжиж, хүн өсөхөд ус хангамжийн хомсдолын асуудал тулгарах магадлалтай гэсэн судалгаа байдаг.
Тиймээс Монголын Засгийн газар, АНУ-ын Мянганы сорилтын корпорацын Компакт гэрээний хүрээнд нийт гурван байгууламжийг барьж байгаа юм. Нийт 461.8 сая ам.долларын санхүүжилт бүхий Компакт гэрээ нь Улаанбаатар хотыг аюулгүй, найдвартай усаар хангана.
Тус “Мянганы сорилтын II Компакт гэрээ”-г 2021 оны гуравдугаар сарын 31-ний өдөр байгуулсан. Гэрээнд заасан төсөл, хөтөлбөрийг 2026 оны гуравдугаар сарын 31-ний дотор багтаан хэрэгжүүлж дуусгана.
Улаанбаатар хотын нэгдсэн ус хангамжид жилд нийт 55 сая метр куб орчим ус нийлүүлэгддэг аж. Шинээр байгуулж буй Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр ашиглалтад орсноор жилд 50 хүртэл сая куб метр гүн цэвэршүүлсэн усыг нийслэлийн ус хангамжийн төвлөрсөн сүлжээнд нийлүүлнэ.
Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийг Сонгинохайрхан уулын зүүн бэлд байгуулж байна. Одоогоор барилга угсралтын ажил 94 хувийн гүйцэтгэлтэй байгаа. Энэ жилдээ багтаагаад бүх барилгаа битүүлж, ирэх хавраас тоног төхөөрөмжөө суурилуулах ажил эхэлнэ.
Шувуун фабрик 16, Био Комбинатад 14 худаг гаргах ёстойгоос 27 худаг гаргачхаад байгаа. Туулын үертэй холбоотой Био Комбинатад гурван худаг гаргаж чадаагүй.
Хаягдал ус дахин боловсруулах төслийн хүрээнд Улаанбаатар хотын ахуйн болон аж үйлдвэрийн хэрэглээнээс гарч буй хаягдал усыг дахин боловсруулж, эргүүлэн ашиглах замаар томоохон аж үйлдвэрийн байгууламжуудын ашигладаг гүний усны эрэлтийг бууруулна. Дахин боловсруулсан ус буюу дахин ашиглах цэвэрлэсэн усыг ДЦС-3 болон ДЦС-4- ийн хөргөлт, үнс зайлуулах усны хэрэгцээнд нийлүүлнэ.
Усны салбарын тогтвортой байдлыг хангах төслийн хүрээнд Гэр хорооллын усны үйлчилгээний зардлыг бууруулахын зэрэгцээ хэрэглэгчдэд хүртээмжтэй байдлыг сайжруулахаар шугамд холбогдсон ус түгээх 180 байрыг 24 цагийн ажиллагаатай болгон автоматжуулна. Аж үйлдвэрийн хаягдал усны бохирдлыг хянах, бууруулах зориулалт бүхий хамгийн сүүлийн үеийн лабораторийн тоног төхөөрөмжөөр хангах юм.
Ус хангамжийн баруун эх үүсвэрийг шинээр байгуулах төслийн хүрээнд Улаанбаатар хотын баруун доод хэсэгт Туул голын дагуу орших Био Комбинат, Шувуун фабрикт 30 худаг бүхий газрын доорх усны эх үүсвэр шинээр байгуулж Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлнэ” хэмээн танилцууллаа.