Хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг буюу тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодох зөрчлийг гэмт хэрэгт оруулахыг Засгийн Газрын хуралдаанаас дэмжсэн байна.
Энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр дараах мэдээллийг өглөө.
Засгийн газраас согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодвол дараах дөрвөн ялын сонголттойгоор гэмт хэрэгт тооцох саналыг боловсруулсан байна.
- Тээврийн хэрэслийг жолоодох эрхийг 1-3 жил хүртэл хугацаагаар жолоодох эрхийг хасаж 450,000-2,700,000 төгрөгөөр торгох эсхүл
- 240-720 цаг нийтэд тустай ажил хийлгэх эсхүл
- Зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах эсхүл
- Зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх
Түүнчлэн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож ял шийтгэгдсэн этгээд дахин энэ зөрчлөө гаргавал тус үйлдлийг хүндрүүлэх бүрэлдэхүүнд тооцох аж.
Ингэснээр хорих ялын хэмжээ болон торгууль, зорчих эрхийг хязгаарлах нь хоёр жил хүртэл хугацаагаар нэмэгдэж хүндэрнэ. Мөн согтуурсан, мансуурсан үедээ, хүний эрүүл мэндэд хүндэвтэр 3-5 жил, хүнд хохирол учруулсан бол 5-8 жил, хүний амь нас хохироосон бол бүх насаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг хасах юм байна.
“Торгуулиа нэг жилийн хугацаанд төлөхгүй бол тухайн торгуулийн 50 хүртэл хувиар нэмэгдэнэ”
Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр “Сүүлийн таван жилийн дунджаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас жилд дунджаар 110 хүн нас барсан байна. 2023 онд энэ тоо хоёр дахин буурсан. Мөн нийт согтуугаар үйлдэгдэж байгаа гэмт хэргийн статистик 2023 онд 15.8 хувиар буурсан байна. Энэ бол маш сайн үзүүлэлт. Энэ нь 2022 оны найман сарын байдлаар манай улсад архины борлуулалт анх удаа 1.3 сая литрээр буурсантай холбоотой” гэв.
Үргэлжлүүлэн тэрбээр жолооч торгуулиа хугацаанд нь төлөх юм бол 50 хувиар хөнгөлнө гэх хуулийн төслийг хамт боловсруулсан талаар танилцууллаа.
Харин торгуулиа нэг жилийн хугацаанд төлөхгүй бол итгэлцүүлээр тухайн торгуулийн 50 хүртэл хувиар нэмэгдэх аж. Ингээд ч төлөхгүй бол дараах долоон хязгаарлалтыг хийх юм байна.
- Тээврийн хэрэгслийн техникийн үзлэг, оношилгоонд оруулахыг
- Тээврийн хэрэгслийн эзэмшлийн шилжилт хөдөлгөөн хийхийг
- Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх олгох, сунгах, ангилал нэмэх, өөрчлөхийг
- Тусгай зөвшөөрөл, зөвшөөрөл олгох, сунгахыг
- Тендер шалгаруулалтад оролцохыг
- Төрийн жинхэнэ албаны шалгалт өгөхийг
- Үндэсний гадаад паспорт олгохыг хязгаарлах юм байна.