d.parliament.mn-д “Санал асуулга” гэх хэсэг нэмж, цахим өргөдөл гомдлын системийн туршилтыг өнөөдрөөс эхлүүлж байна.
Цахим өргөдөл гомдлын системд иргэдээс ирж буй дийлэнх санал гомдлоор мэтгэлцээн зохион байгуулдаг болох юм.
Энэ талаар УИХ-ын дарга Г.Занданшатар “Одоогоор иргэдээс гурван төрлийн санал гомдол зонхилон ирж байна. Нэгдүгээрт Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай буюу хүүхдийн эсрэг гэмт хэргийн ялын бодлогыг чангаруулахтай холбоотой асуудал. Иргэдээс ирүүлсэн саналыг байршуулж, үүнд санал авч байгаа. Мөн нотлогч, няцаагч талууд хэлэлцүүлэг мэтгэлцээн өрнүүлж болно.
Мөн өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдтэй холбогдуулан Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим(МҮХАҮТ)-ын өмнөх удирдлагууд, CEO клубээс Нэмэгдсэн Өртгийн Албан Татвар(НӨАТ)-ын буцаан олголт 2% байгааг 5% болгож нэмэгдүүлэх санал ирүүлсэн. Үүнийг Сангийн яаманд өгч боловсруулан, бололцоотой эсэх төсвийн тооцоолол, макро эдийн засгийн тооцоололтой уялдуулсан мэтгэлцээн зохион байгуулна.
Түүнчлэн хүүхэд хамгааллын төсвийн асуудлаар мэтгэлцээн зохион байгуулахаар төлөвлөсөн. Хүүхэд хамгааллын тухай хуульд сум, дүүрэг, хороо бүрд хүүхэд хамгааллын ажилтан байна гэсэн заалт бий. Уг заалтыг төсвөөр баталгаажуулах ёстой. Эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдүүдэд үнэлгээ хийх, уулзах, цагдаагийн байгууллагад мэдэгдэх гэх зэрэг ажил хийнэ. Цагдаагийн захиргааны хяналт гэж одоо ч бий байх гэж итгэж байна. Тэнсэн харгалзах ялтай хүн өдөр бүр бүртгүүлж, шилжилт хөдөлгөөн зэргээ мэдээлж байдаг.
Согтуу жолоочийг эрүүгийн гэмт хэрэг үйлдсэн тооцох заалт мөн санал асуулгад багтсан” хэмээв.