УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл хийлээ.
Хүүхэд гэр бүлийн асуудлаар хуулийн төсөл санаачилжээ. Уг асуудлыг бүлэг хэлэлцэж, зарчмын хувьд дэмжсэн байна. Улмаар бүлгийн гишүүд тухайн хуулийн төслүүдийг яаралтай УИХ-аар хэлэлцэх ёстой гэсэн байр суурийг илэрхийлжээ.
Энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр “Хүүхдийн эсрэг хүчирхийллийн гэмт хэрэгт ногдох ялын бодлогыг чангатгах багц хуулийн төслийг яаралтай боловсруулж, энэ долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, УИХ-д өргөн барих үүргийг Ерөнхий сайд өгсөн.
Багц хуулийн тухайд дөрвөн асуудал яригдана.
- Ялын бодлогыг чангатгахтай холбоотой Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөл
- Гэр бүлийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөл
- Гэр бүлийн шүүх байгуулахтай холбоотой Шүүх байгуулах тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөл
- Шүүх байгуулах хуультай холбоотойгоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийг боловсруулаад байна” хэмээв.
Эрүүгийн хуульд ямар өөрчлөлт оруулах вэ?
- Бага насны хүүхдийг хүчиндэх, алах, бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн бэлгийн мөлжлөг, хүүхдийн эсрэг хүн худалдаалах гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа 20 жил байгааг 30 жил болгох
- Бага насны хүүхдийг алах, хүчиндэх, бага насны хүүхдийг эсрэг үйлдэгдсэн бэлгийн мөлжлөг, хүүхдийн эсрэг хүн худалдаалах гэмт хэрэгт өршөөл үзүүлэхгүй
- Бага насны хүүхдийг алах, хүчиндэх, бага насны хүүхдийг эсрэг үйлдэгдсэн бэлгийн мөлжлөг, хүүхдийн эсрэг хүн худалдаалах гэмт хэрэг болон авлигын гэмт хэрэг үйлдсэн ялтныг хорих ялын хугацаанаас өмнө суллахгүй
- Бага насны хүүхдийг алах, хүчиндэх гэмт хэрэгт оногдуулах хорих ялын дээд хэмжээ 20 жил байгааг 25 жил болгох
- Бага насны хүүхэд гэдэг Эрүүгийн хуулийн ойлголт 14 нас байсныг 16 нас болгож нэмэгдүүлэх өөрчлөлтийг хуулийн төсөлд тусгажээ.
“Ингэснээр Эрүүгийн хуульд байгаа 14-16 насны хүүхдийн эсрэг үйлдэгдэж байсан бүх гэмт хэргийн ялын бодлого чангарч байгаа. Тухайлбал 14-16 насны хүүхдийг алах гэмт хэрэгт 8-15 жилийн хорих ял оногдуулдаг байсан бол 12-25 жил болж, бүх насаар хорих ялтай болно.
14-16 насны хүүхдийг хүчиндэх гэмт хэрэгт одоогийн Эрүүгийн хуулиар 5-12 жилийн ял оногдуулж байгаа бол 12-25 жилийн хорих болон бүх насаар хорих ял оногдуулна.
“Бэлгийн харьцаанд орох үйлдлийг гэмт хэргийн хүнд ангилалд хамааруулна”
Бага насны хүүхдийн эрсэг үйлдсэн бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах гэмт хэрэгт 1-5 жилийн хорих ял үйлчилж байна. Харин шинэчилсэн хуулийн төсөлд 2-8 жилийн хугацаатай болгож, тэнсэхгүй.
14-16 насны хүүхдийн эсрэг бэлгийн мөлжлөг үйлдэх гэмт хэрэгт 2-8 жилийн хорих ял оноож байгаа. Тэгвэл үүнийг 12-20 жил болон бүх насаар нь хорих ял оноодог болно” гэдгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр онцоллоо.
Түүнчлэн хүчээр бэлгийн харьцаанд орох үйлдлийг гэмт хэргийн хүнд ангилалд хамааруулжээ. Улмаар 2-8 жилийн хорих ял оногдуулж, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг тэнсэхгүй.
16 насанд хүрээгүй хүнийг жирэмсэн болгосон, гэр бүлийн хамаарал бүхий 16 насанд хүрээгүй хүнийг хүчиндсэн гэмт хэрэгт оногдуулах хорих ял 8-15 жил байгааг 12-25 жил болгон нэмэгдүүлж, эсвэл бүх насаар хорих аж.