УИХ-ын нэгдсэн чуулганы өнөөдрийн хуралдаанаар хүүхэд хамгааллын асуудлыг хэлэлцэж байна.
Ойрын үед хүүхдийн эрх зөрчигдсөн, хүүхэд гэмт хэргийн хохирогч болсон тохиолдлуудын мэдээлэл их гарч байгаа нь олон нийтийн сэтгэлийг эмзэглүүлж байгаа. Иймд цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан УИХ-ын чуулганаар хүүхэд хамгааллын чиглэлээр хийж хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын сайд Х.Булгантуяа танилцуулж, гишүүд асуулт асуун, хариулт авч байгаа юм.
Гэвч энэ чухал асуудлаар хэлэлцэж байхад 12:30 цагийн байдлаар Ардчилсан Нам(АН)-ын гишүүдээс зөвхөн С.Одонтуяа гишүүн хуралдаандаа сууж, бусад суудал эзэнгүй байна. Мөн УИХ-ын гишүүн С.Ганбаатар асуулт асуух үеийн бичлэгийг харвал дэргэд нь суудаг А.Адъяасүрэн гишүүний суудал эзэнгүй байв.
Тус намаас өчигдөр хүүхэд хамгааллын асуудал хэвлэлийн хурал зарлаж, “Хүүхдэд хөрөнгө оруулахгүй бол хамгаалж чадахгүй. Хүүхдийн төлөө ажилладаг байгууллагуудын ажилчид цалингаа аваад явж байгаа. Ажлаа хий. Төрийн бус байгууллагууд хангалттай ажиллаж байгаа ч төсөв мөнгө нь хүрэлцэхгүй байна” гэдгийг онцолж байлаа.