Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам (ХНХЯ), Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар (ГБХЗХГ) болон Цагдаагийн ерөнхий газраас (ЦЕГ) хамтран цаг үеийн болон хүүхдийн асуудлаар өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгууллаа.
Мөрдөн байцаах албаны дарга, цагдаагийн хурандаа Н.Мишигдорж “Өнөөдрийн хувьд эрэн хайж байгаа охинтой холбоотой хэргийн талаар мэдээлэл өгөх боломжгүй. Эрүүгийн хуульд заасны дагуу мөрдөн байцаалтын явцын талаар прокурорын зөвшөөрлөөр олон нийтэд мэдээлэл өгөх зохицуулалттай. Прокурор зөвшөөрөл өгөөгүй учир гэмт хэргийн явцын талаар мэдээлэх боломжгүй байна.
Харин эрэн сурвалжлах ажиллагааны талаар мэдээлэл өгье.
Дорноговь аймгийн Сайншанд сумаас алга болсон Д гэгч охиныг эрэн сурвалжлах ажиллагаа өнөөдөр явагдаж байна.
Эрэн сурвалжлах ажиллагааг ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албаны дэд дарга, цагдаагийн хурандаа Э.Товуудоржоор ахлуулсан бүрэлдэхүүн Дорноговь аймгийн Мандах сумаас Өмнөговь аймгийн Манлай сумын хооронд өргөн цар хүрээтэй зохион байгуулж байна.
Мөн Өмнөговь аймаг, Дорноговь аймгийн цагдаагийн газрын даргаар ахлуулсан ажлын хэсэг, АОК-ын гишүүд, ОБЕГ-ын алба хаагчид эрэн сурвалжлах ажиллагаанд оролцож байна.
ОБЕГ-аас өнөөдөр өглөө 07:00 цагт нисдэг тэргийг Дорноговь аймгийн Сайншанд сум руу явуулж, агаараас эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.
Газраар ч автомашинтай алба хаагчид хайж байгаа.
Эрэн сурвалжлах ажиллагааг зэргэлдээ сум, аймгийн төв зэрэг хүн байж болох газруудад цагдаа, онцгой байдлын алба хаагчид, иргэд, АОК-ын гишүүд хамтран явуулж байна.
Хүүхдийн асуудалтай холбоотой батлагдаагүй эх сурвалжаас авсан мэдээллээ олон нийтэд цацах, иргэдийг талцуулахгүй байхыг хүсье. Энэ нь хүүхдээ эсэн мэнд олдоосой хэмээн хүлээж буй гэрийнхэн, мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулах асуудал гарахыг үгүйсгэхгүй. Эх сурвалж тодорхойгүй, батлагдаагүй мэдээллээс болж гэрчүүд олдохгүй, худал мэдүүлэг өгөх, хамтран гүйцэтгэгч байгаа бол оргон зайлах байдал үүсдэг.
Охин эсэн мэнд олдлоо, нас барсан байдалтай байна гэх батлагдаагүй эх сурвалжаас авсан мэдээллээ цацах нь ёс зүйд нийцэхгүйг хэлье. Үнэн зөв, батлагдсан эх сурвалжтай мэдээлэл түгээх нь чухал байна” хэмээн хэллээ.