ХҮН намаас нийслэлд автобус худалдан авалтын асуудлаар өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгууллаа.
НИТХ-ын төлөөлөгч П.Наранбаяр “Улсын төсвөөр 810 автобус авлаа гэж ярьж байна. Бид өчигдөр Гурвалжингийн гүүрний урд байдаг “Тэнүүн-Огоо” компанийн Автобус-1 бааз дээр очиж үзлээ. Энэ нь ногоон гэж нэрлэгдээд буй автобусны бааз. Ногоон автобус дизель хөдөлгүүртэй. Уг автобусыг “ZYLE Daewoo” компаниас нийт 600-г нэг бүрийг нь 336 сая төгрөгөөр худалдаж авсан гэж ярьж буй.
Мөн “Golden Dragon” компанийн 224 ширхэг улаан автобус оруулж ирсэн. Үүн дээр нэмээд 150 ширхэг цахилгаан хөдөлгүүртэй автобус оруулж ирж байгаа. Энэ нь 620 орчим сая төгрөгийн үнэтэй. Гэр хорооллын нөхцөлд буюу богино эргэлтэд хэрэглэх зорилгоор County маркийн дунд оврын 50 ширхэг автобус оруулж ирж байгаа гэсэн тайлбарыг хийж байна.
“Тэнүүн-Огоо” компани эдгээр 810 автобусыг худалдан авах үйл ажиллагааг тендерээр авсан хэмээн тайлбарласан.
Өнөөдрийн хэвлэлийн хурал зохион байгуулж буй бүрэлдэхүүн автобуснуудыг газар дээр нь очиж үзлээ. Энэ үеэр манай инженер Отгонбаяр автобусны доод хэсэг, арлын дугаар, кузовын байдлын деталь зургуудыг авсан. Миний бие автобусны доторх салоны байдлыг харсан байгаа./Өчигдөр авсан зургуудаа үзүүлэв/ Автобуснуудыг янз янзаар тоноглосон байсан. Эдгээр автобус хуучин уу, шинэ үү гэдгийг мэргэжлийн хүмүүс очиж, хариугаа өгөх нь нээлттэй хэвээр үлдэж байгаа.
Нийслэлийн худалдан авсан автобуснуудыг яагаад төрийн нууцад хамруулаад байгаа юм бэ. Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа худалдан авах, ажил гүйцэтгүүлэх тухай хуулийн заалтыг хэрэглээгүй юм. Хуулийн 3.4 заалт руу оруулаад энэ бүхнийг нууцлах замыг нээсэн нь бидний анхаарлыг татаж байна.
Автобусны асуудал есдүгээр сарын 19-нд болсон ХҮН намын бүлгийн хуралтай шууд холбоотой. Бүлгийн хурал дээр оюутнуудтай холбоотой нийтийн тээврийн асуудал яригдаж байх үеэр Автобусаа хэрхэн худалдаж авсан бэ? хэмээн асуухад “Бид үүнийг дэлгэж чадахгүй, нууцад хамарсан” гэснээр энэ асуудал босож ирсэн юм” хэмээн ярилаа.