Британийн хамгийн алдартай мод гэгддэг Sycamore Gap нэртэй агч модыг тайрсан хэрэг өчигдөр гарч, хүмүүсийг гайхшируулжээ.
Хойд Английн нутагт, Ромын эзэнт гүрний баруун хойд хил байсан Адрианы хана хэрэмний дэргэд хэдэн зуун жил ганцаараа тасарч ургасан энэхүү алдартай модыг тайрсан хэрэгт нутгийн оршин суугч 16 настай хүүг сэжиглэн баривчилсан байна.
1991 онд Холливүүдийн од Кэвин Костнерын тоглосон Робин Гүүдийн сэдэвтэй кинонд уг мод гардаг тул “Робин Гүүдийн мод” гэж нэрлэдэг байжээ.
Юнескогийн өвд бүртгэлтэй Адрианы хана хэрмийг үзэхээр жил бүр ирдэг олон мянган жуулчин 2016 онд “Английн оны мод” өргөмжлөлийг хүртсэн энэ аварга модны дэргэд зургаа авхуулдаг уламжлалтай байв.
“Дэлхийд танигдсан энэхүү алдартай газарт гарсан өнөөдрийн хэрэг зөвхөн орон нутгийнхныг төдийгүй бусад хүмүүсийг цочроож, уй гашууд автуулж, бухимдууллаа. Энэхүү санаатай хорлон сүйтгэлийн дараа мөрдөн байцаах ажиллагаа эхэлсэн бөгөөд өнөөдөр үдээс хойш нэг сэжигтнийг баривчилсан” гэж Нортумбриа мужийн цагдаагийн газрын ахлагч Кэвин Уоринг мэдэгджээ.
Пүрэв гарагийн өглөө эхний хүмүүс унагасан модны гэрэл зургийг авч, цагдаад мэдээлсэн юм байна.
Нортумбриагийн үндэсний цэцэрлэгт хүрээлэнг хариуцдаг The National Trust байгууллага болсон явдалд харамсал илэрхийлж, орон нутгийн хууль тогтоогч Гай Опперман “Энэ бол манай үндэсний хамгийн алдартай моддын нэгийг устгасан ноцтой гэмт хэрэг” гэж мэдэгджээ.