Америкийн поп од Тэйлор Свифтийн нэр нөлөөний хүчээр нэгэн тамирчны орлого эрс өссөн байна.
Сүүлийн үед NFL-ийн Kansas City Chiefs багийн тоглогч Трэвис Келси дуучин бүсгүйтэй нэр холбогдох болсон юм.
Өнгөрсөн Ням гарагт Свифт багийнх нь тоглолтыг хөгжөөн дэмжихээр Келсигийн ээж Доннатай цуг Arrowhead Stadium-д ирсэн нь дуулианыг улам эрчимжүүлжээ.
Үүний үр дүнд Трэвис Келситэй холбоотой бүх зүйлийн үнэ ханш эрс өссөн байна.
Тухайлбал Ням гарагаас хойш уг тамирчны Инстаграм хуудасны дагагчийн тоо даруй хагас сая гаруйгаар нэмэгджээ.
Мөн Келсигийн нэр, дугаартай өмсгөл, дуулга зэргийн борлуулалт дөрөв дахин өссөнийг Fanatic’s сайт мэдээлсэн байна.
Төрсөн ах Жэйсоны хамт хөтөлдөг Келсигийн “New Heights” подкастын хандалт эрс өсөж, Apple Podcast платформын хамгийн өндөр үзэлттэй шоу болжээ.
Pinnacle Advertising компанийн спорт маркетингийн шинжээч Боб Дорфман “Келсигийн талбайн гаднаас олдог жилийн орлогын хэмжээг одоогоор $5 сая гэж тооцдог. Энэ тоо одоо хоёр дахин өсөхөд би гайхахгүй” гэж ярьсан байна.
“Келси халуухан дурлалаасаа өмнө хөл бөмбөгийн хамгийн амжилттай тоглогчдын нэг болоод байсан. Харин одоо түүний амжилт улам өсөх нь тодорхой боллоо” гэж тэр нэмж хэлжээ.
Nike, Pfizer, State Farm зэрэг том компаниудтай сурталчилгааны гэрээтэй ажилладаг Келсигийн сошиал дагагчийн тоо одоо 3.4 саяд хүрснээр үнэлгээ нь бас өсөх боломжтой болж байна.
Спорт маркетингийн OpenSponsorship компанийн үзэж байгаагаар түүний сошиал медиа үнэлгээ нь өмнөхөөсөө “3-5” дахин өсөх боломжтой болсон гэнэ.
“Тэйлор Свифтийн фэнүүдийг татах болсноор Трэвистэй хамтарч ажилладаг брэндүүдийг сонирхох сонирхол нэмэгдэж эхэлснийг бид харж байна” гэж тус компанийн гүйцэтгэх захирал Айшвин Жолли бичжээ.
Тэйлор Свифт нь өөрөө зөвхөн Инстаграм платформд 272 сая дагагчтай юм. Энэ дагагчдын тодорхой хэсэг нь Келсиг дагахад л үнэлгээ нь эрс өсөх юм байна.
Свифтийн эдийн засгийн нөлөөг асар том гэж судлаачид үздэг. Түүний Eras Tour аялан тоглолт АНУ-ын эдийн засагт $4.6 тэрбумын хэрэглээний зардал үүсгэсэн гэх тооцоолол бий.
Аялан тоглолтынхоо дараа түүнийг тэрбумтан болно гэж үздэг.
Свифттэй нэр холбогдсон зүйл бүхэн “алт болдог” цаг ирсэн гэж шинжээчид дүгнэж байгаа.
Тухайлбал энэ оны дөрөвдүгээр сард дуучин бүсгүй $673-ын үнэтэй жинсэн өмдтэй олны нүдэнд харагдсаны дараа уг өмд олдохоо больсон тухай Billboard сэтгүүл мэдээлж байв.