Мягмар гарагт АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден тус улсын Мичиган мужид ажиллахдаа авто үйлдвэрлэлийн салбарын ажилчдын ажил хаялтад оролцсон байна.
Ингэснээр тэр бүрэн эрхийнхээ хугацаанд ийм арга хэмжээнд оролцсон анхны ерөнхийлөгч болон АНУ-ын түүхэнд бичигджээ.
UAW (United Auto Workers) үйлдвэрчний эвлэлийн лого бүхий малгай өмссөн 80 настай Байден ажилчдын талд байгаагаа чанга яригчаар тэдэнд хэлсэн байна.
Америкийн “Том Гурав” гэдэг автомашин үйлдвэрлэгчид болох Ford, General Motos, Stellantis компаниудын ажилчид цалин хөлсөө нэмэхийг шаардан ажил хаяад байгаа юм. Байден тэдэнд “Та бүхэн хэрэгцээгээ хангахуйц нэмэгдэл хүртэх эрхтэй хүмүүс” гэж хэлэхэд ажилчид уухайлан алга ташиж байжээ.
Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Кэрин Жин Пьерр “Бүрэн эрхийн хугацаандаа ажиллаж буй ерөнхийлөгч орчин үеийн түүхэнд анх удаагаа ажил хаях тэмцлийн тэргүүн эгнээнд очсон явдал өнөөдөр тохиож байна. Энэ бол Америкийн автомашин үйлдвэрлэгчдэд өгсөн чухал сануулга юм” гэж тайлбарласан байна.
Мичиган мужид өрнөж буй энэхүү ажил хаялт АНУ-ын улс төрд чухал нөлөөтэй үйл явдал юм. Ерөнхийлөгчийн сонгуулиар санал нь хамгийн их хэлбэлздэг мужуудын нэгд Мичиган тооцогддог. 2016 онд энэ мужид Трамп ялж байсан бол 2020 онд Байден ялж байв.
2024 оны сонгуульд өрсөлдөхөө зарласан Дональд Трамп ажилчин ангийнхантай төдийлөн сайн харилцаагүй байдаг.
Тиймээс ч тэр Байдены үйлдлийг өчигдөр сошиал хуудсандаа шүүмжлэн бичжээ.
Тэрбээр байгаль орчинд ээлтэй цахилгаан автомашины үйлдвэрлэлийг дэмжиж буй Байдены бодлогыг ажлын байрыг Америкаас гадаад руу алдаж буй нэг хүчин зүйл хэмээн шүүмжилсэн байна.
“Тэр та бүхний ажлын байрыг Хятад руу нүүлгэж байгааг санах хэрэгтэй” гэж өөрийн Truth Social хуудсанд бичсэн Трамп “хуурамч дүр эсгэгч” хэмээн өрсөлдөгчөө шүүмжилжээ.
Бас өөрийнх нь Мичиганд ажиллах төлөвлөгөөг “түрүүлж хуулбарлалаа” гэж Байденыг буруутгасан байна.
Трампын шүүмжлэлийн хариуд Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч “Ирээдүйн автомашинууд Америкт үйлдвэрлэгддэг байхын тулд Америкийн ажилчид сайн цалин хангамж авах ёстой гэж ерөнхийлөгч үзэж байгаа” гэж мэдэгджээ.
Нөгөө талаар Байден ингэснээрээ АНУ-ын эдийн засагт олон тэрбумын хохирол үүсгэх тэмцлийг хөхүүлэн дэмжсэн эрсдэлтэй үйлдэл үзүүлж байгаа юм. Хэдийгээр ерөнхийлөгч ажилчдын талд орсон ч талууд харилцан ашигтай тохиролцоонд хүрээсэй гэсэн хүсэл эрмэлзэлтэй, мөн уг яриа хэлэлцээнд шууд оролцох бодолгүй байгааг нь Цагаан ордон баталсан байна.