Монгол Улс, ОХУ-ын парламентын хамтарсан Комиссын анхдугаар хуралдаан өчигдөр болсон. Энэ үеэр ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга В.В.Володин “Парламентын харилцааны шинэлэг механизмын хүрээнд цаашид байнга холбоотой ажиллаж тодорхой шийдвэрүүдийг гаргах учиртай.
Хоёр улсын төрийн тэргүүн нарын түвшинд хүрсэн бүх тохиролцоог ажил хэрэг болгоход хууль тогтоох байгууллагаас хууль эрх зүйн орчныг бүрдүүлэхэд хамтран ажиллах ёстой” гэсэн үгийг индрээс хэлсэн юм.
Энэ нь Монголын парламент ямар хууль тогтоомж батлахаа ОХУ-тай зөвшилцөхөөр болсон уу гэсэн хардлагыг олон нийтэд төрүүлж буй.
Тэгвэл энэ талаар УИХ-аас тодруулахад “Аливаа хууль тогтоомж батлахдаа ОХУ-тай зөвшилцөх асуудал байхгүй. Тусгаар улс шүү дээ” хэмээв.
“Парламент нь өөр улстай хамтарсан комисс байгуулчихаар асуудалтай”
Харин Олон улс судлаач П.Наранбаяр “Парламент хоорондын бүлгэм гэж байдаг. Хоёр улсын найрамдалт харилцааг өргөжүүлэх зорилготой бүлгэмүүд гэж бий. Жишээлбэл Монгол, Японы парламентын бүлгэм гэхэд хоёр талынх нь гишүүд оролцож, хоёр улсынхаа харилцааг ярилцдаг ч гэх юм уу.
Харин хоорондоо байнгын ажиллагаатай комисс байгуулж байхыг анх удаа харж байна. Монгол Улс нэг хүнээс хамаарахгүй институт буюу парламентын тогтолцоог сонгосон улс. Гэтэл бодлого шийдвэр гаргадаг, хууль тогтоодог гол байгууллага парламент нь өөр улстай хамтарсан комисс байгуулж ажиллах нь дэмжих зүйл биш гэж харж байна.
Ямар нэгэн шахалт шууд парламентын түвшинд орж ирэх магадлал өндөр болж байна. Өмнө нь Засгийн газрын түвшинд Ерөнхийлөгч гэдэг институт руу ч юм уу орж ирээд парламент дээр зогсдог байсан. Гэтэл одоо парламент нь ийм болчихоор асуудалтай” гэдгийг хэллээ.