“Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбоо”-ны гишүүн 150 гаруй сургуулийн багш, ажилчид аравдугаар сарын 5-нд ажил хаялт зарлах болсон талаараа мэдээлэв.
Багшийн цалингаар амьдрахад хүнд байгаа учраас ийнхүү ажил хаялт зарлах болсон талаараа тэд мэдээлсэн юм.
Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Д.Мөнхбаатар “Бид есдүгээр сарын 11-нд Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгаланд салбарын хэлэлцээрийг эхлүүлэх тухай мэдэгдэл хүргүүлсэн.
Хөдөлмөрийн хуулийн дагуу мэдэгдлийн хугацаа аравдугаар сарын 3-нд дуусна. Энэ хугацаанд хэлэлцээр эхлүүлэхгүй бол дэлхийн багш нарын эрхийг хамгаалах өдөр буюу аравдугаар сарын 5-нд Монголын багш нар улс орны хэмжээнд ажил хаялт зарлана. Ажил хаялтад холбооны гишүүн 150 гаруй сургууль нэгдэхээ илэрхийлж байна.
Бид дараах үндсэн санал, шаардлага хүргүүлж байгаа юм.
- Багшийн цалинг ойрын гурван жилийн дотор 1,000 долларт хүргэе. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд багшийн цалинг доллартой харьцуулбал огт өсөөгүй. Ердөө 300 долларт эргэлдэж ирсэн. Салбарын сайдын хэлээд байгаа 2.5 саяыг багш нар авдаггүй.
- Багш нар энэ сараас 1,273,000 төгрөг авна. Татвар суутгагдсанаар 800-900 мянгын цалингаар багшийн ажил хийх ямар ч боломжгүй. Монголоос ядуу эдийн засагтай Вьетнамд хүртэл багшийн цалин 800 долларт хүрсэн байх жишээний.
Багш нар дараах шаардлагыг дэвшүүлж байна.
- 2024 оны нэгдүгээр сараас багшийн цалинг 60 хувиар нэмэгдүүлэхийг шаардаж байгаа юм. Ингэж нэмэгдвэл хоёр сая төгрөгийн босго давна.
- Боловсролын салбарын ачааны хүндийг үүрч явдаг, цэвэрхэн тохилог байдлыг хангахын төлөө ажилладаг үйлчлэгч, жижүүр, манаач, тогооч зэрэг үйлчилгээний ажилчид 750,000 төгрөгийн цалин авдаг. Хүний эрхийн түгээмэл тунхаглалд заасанчлан ажил, хөдөлмөр эрхэлж байгаа хэн боловч өөрийгөө болон гэр бүлээ хүний зэрэгтээ авч явахуйц цалин хөлс авах эрхтэй. Гэвч боловсролын байгууллагын үйлчилгээний ажилчид 750,000 төгрөгөөр хүн шиг амьдрах ямар ч боломжгүй болоод байна.
- Ерөнхий Боловсролын Сургуулиудын багш нар анги удирдсаны нэмэгдэл гэж 10-хан хувийг авдаг. Өөрөөр хэлбэл 100 орчим мянган төгрөг авч байна. Гэтэл анги удирдсан багш нар маш ачаалалттай ажиллаж, сургууль дээр таны хүүхдийн гол асран хамгаалагч болдог. Үүнийг хүүхдийн тоотой уялдуулж, сурагч тутамд нэг хувиар олгодог байх шаардлагыг хүргэж байгаа юм. Өөрөөр хэлбэл 20 хүүхэдтэй ангийн багш 20 хувь, 30 хүүхэдтэй ангийн багш 30 хувийн нэмэгдэл авдаг, шударга, зөв зарчим руу явъя.
- Цэцэрлэгийн багш нарт анги удирдсан буюу бүлэг удирдсаны нэмэгдэл гэж байдаггүй. Хүүхдийг тань өдөржин харж, анхаарч, асарч бөөцийлж амьдралынх нь зөв дадал хэвшлийг олгож байгаа цэцэрлэгийн багш нарт бүлэг удирдсаны нэмэгдэл олгодог болгох хэрэгтэй.
Багш нар ажил хаялтыг өнөөдрөөс эхлэн зарлаж байгаа. Манай гишүүн сургуулиуд болон бусад сургууль өнөөдрөөс хурлаа хийж эхэлнэ. Хөдөлмөрийн хуулийн дагуу тав хоногийн өмнө мэдэгдлээ өгөх ёстой. Урьдчилсан төлөвөөр 160 орчим сургууль ажил хаяна. Үүний 30 гаруй нь хотын сургууль, үлдсэн нь 21 аймагт ажил хаялт зарлана” хэмээн хэллээ.
“Багш нарыг ингэж дор ортол амьдруулснаас л өнөөдөр тэмцэл хийхэд хүрч байна”
Сүхбаатар дүүргийн 16 дугаар сургуулийн математикийн багш н.Энхтуяа “Би боловсролын байгууллагад 36 дахь жилдээ багшилж байна. 2017 оноос хойш багшийн цалинг нэмэгдүүлээч гээд тэмцэж эхэлсэн. Зургаан жил болоход 608,000 төгрөгийн цалин авдаг байснаас одоо 1,273,000 төгрөг энэ сараас авах байх.
Бүх нэмэгдлээ авсан ч багшийн хамгийн дээд талын цалин 2,500,000 төгрөг буюу БШУ-ны сайдын хэлсэнд хүрдэггүй.
Хүүхдийн тоо 40-өөс дээш давчихсан, анги дүүргэлттэй, сурагчид нь хоёр жил коронавирустэй холбоотой хичээлийн хоцрогдолтой байгаа тохиолдолд ямар ч багшийн гүйцэтгэлийн үнэлгээ 95 хувийн үзүүлэлттэй гарч чадахгүй. Гүйцэтгэлийн үнэлгээгээр 25 хувь авдгийг 50 хувь болгож байгаа гэж БШУ-ны сайд хэлсэн. Шулуухан хэлэхэд энэ 50 хувийг багш нар авах боломжгүй.
Багш нарыг гудамжинд гаргаж, жагсаагаад, ажил хаялт хийлгэж, хүний хүүхдүүдийг хохироогоод явуулалгүйгээр зүгээр үндсэн цалинг нь л нэмэх шаардлагыг тавьж байна. Аар саархан ийм тийм юмны нэмэгдэл гэдгээр аргацаагаад нэмсэн юм шиг харагддаг. Гэтэл нэмэгдлийг нь бүх багш авдаггүй.
Багшийн цалингаар амьдрахад үнэхээр хүндрэлтэй байна. Яагаад багш нарыгаа ингэж амьдруулах ёстой юм бэ гэж төр, засгаас асуумаар байна. Багш нарыг ингэж дор ортол амьдруулснаас л өнөөдөр тэмцэл хийхэд хүрч байна. Үндсэн цалингаа л нэм, өөр ямар ч аргацаах юм байхгүй” хэмээв.
Мөн тэрбээр “Багш нарыг зүгээр л амь зогоох мөнгөөр хуураад яваад байж болохгүй. Ирээдүйгээ аваръя, боловсролоо хөгжүүлье гэвэл багшаа л цалинжуул.
Багшийн сургуульд үнэ төлбөргүй суралцуулбал чадварлаг боловсон хүчин бэлдэж чадахгүй. Авдаг цалин нь бага болохоор хүүхдүүд хүртэл “ багшаа, би багш болохгүй” гэж хэлж байна.
Үнэ төлбөргүй дөрвөн жил сургаж, улсын мөнгийг агаарт цацаж байхын оронд багшийн гар дээр ирэх цалинг нэмбэл аяндаа хамгийн сайн хүүхдүүд энэ салбарт шуураад ороод ирнэ. Үүнийг мэдэхгүй дарга толгой дээр сууна гэж байхгүй. Зохион байгуулалттайгаар улам дордуулах үйл ажиллагаа хийж байна гэж ахмад багшийн хувьд харж байна. Багшийн үндсэн цалинг л нэм” гэлээ.
“Багшийн цалингаар үр хүүхдүүдээ тэжээх ч боломжгүй байна”
19 дүгээр сургуулийн англи хэлний багш н. Болор-Эрдэнэ “Миний хувьд татвараа төлөөд 800-900 мянган төгрөг гар дээрээ авдаг. Сая гаргаж авдаггүй. Ийм цалингаар яаж амьдраад, хүүхдүүдээ тэжээж, хооллоод явах юм бэ.
Хамгийн гол нь багш нар хүүхдийн төлөө гэсэн чин сэтгэлтэй. Энд цөөн багш ирсэн байгааг анзаараад үзээрэй. Бусад нь яагаад ирээгүй гэвэл тэнд хүүхдүүд хохирох гээд байгаа юм” хэмээн ярилаа.