Шатахууны асуудлаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас өнөөдөр хэвлэлийн бага хурал зохион байгуулж, мэдээлэл өглөө.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Газрын тосны бодлогын газрын дарга Б.Анхбаяр “Монгол Улсын хэмжээнд газрын тосны бүтээгдэхүүнийг 100% худалдаж авдаг. Үүний 95%-ийг ОХУ-аас, БНХАУ-аас 5%-ийг авдаг.
Манай улсад шатахуун нийлүүлдэг ОХУ-ын Роснефть компани үйлдвэртээ их засвар хийсэн. Их засвар нь өмнөх жилүүдийг бодвол илүү хугацааг авсан. 2020 онд КОВИД-ын үед засварыг хийж амжаагүй учир 2021 онд урт хугацааны засвар хийсэн ч засвар тодорхойгүй хугацаагаар хойшлогдсон гэдгээ ОХУ-д айлчлах үеэр мэдэгдсэн.
БНХАУ-д дотоодын төмөр замын тээврийн гацаа, түгжрэлээс шалтгаалан бидний найм, есдүгээр сард захиалсан газрын тосны бүтээгдэхүүн тодорхой хугацаагаар хойшилсон нөлөөллүүдээс болж өнөөгийн нөхцөл байдал үүсээд байна.
2023 оны есдүгээр сарын 23-нд УУХҮЯ болон Ашигт малтмал газрын тосны газар, ААН-үүдийн хамтарсан ажлын хэсэг Роснефть компанийнхантай уулзалт хийж, нөхцөл байдлын талаар ярилцсан. Үүний үр дүнд тус компаниас өнгөрсөн шөнө 1,500 тонн АИ92 бензинийг нийлүүлсэн байгаа. Цаашид аравдугаар сарын эхээр ААН-үүдийн захиалсан 44,000 тонн газрын тосны бүтээгдэхүүнийг худалдаж авах, есдүгээр сард авч чадаагүй 9,000 орчим тонныг нэмээд нийт 54,000 орчим тонныг худалдаж авах гэрээ, хэлцлийг хийгээд ирлээ.
БНХАУ-аас 150 вагон газрын тосны бүтээгдэхүүнийг энэ сард багтаан нийлүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна.
Үүнд ЗТХЯ, ГХЯ, Монгол, БНХАУ-ын ЭСЯ дэмжлэг үзүүлсэн. Өчигдөр шөнийн байдлаар тус улсаас 50 вагон газрын тосны бүтээгдэхүүн Замын-Үүдэд ирснээс 32 вагоныг шилжүүлэн ачлаа. Дараагийн ээлжийн вагоныг шилжүүлэх ажил хийгдэж байна. Үлдсэн 50 вагон газрын тосны бүтээгдэхүүн Эрээн хотод ирнэ.
Дотоодын АИ92 бензиний хэрэглээ ойролцоогоор сард 30 орчим мянган тонн байгаагаас Улаанбаатар хотод өдөрт 1,000 орчим тонныг хэрэглэдэг. 1,000 тонн бензинийг ШТС-уудад жигд хуваарилна. ААН-үүд ч чармайлт гаргаж ажиллаж байна.
Иргэд эдгээр нөхцөл байдлыг ойлгож хүлээцтэй хандаж, ШТС-ын түгээгч нар болон холбогдох хүмүүстэй зөв боловсон харилцахыг хүсэж байна” хэмээн ярилаа.