ГССҮТ-ийн газарт “Шүүт” хотхоны барилгын компани хууль бусаар халджээ.
Тодруулбал өчигдөр “Соргог баян далай” ХХК-ийн “Шүүт” хотхоны барилгыг барихад саад болж буй цахилгаан болон сангийн шугам хоолойг шилжүүлэх нэрийдлээр шөнө оройн цагаар төрийн байгууллага болох Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвийн газарт хууль бусаар халдсан үйлдэл гарсан байна.
Тус төвөөс албан ёсоор зөвшөөрөл авалгүй хийгдэж буй хууль бус үйл ажиллагаа тул ГССҮТ-ийн захирал Э.Галбадрах, Үйл ажиллагаа хариуцсан дэд захирал Б.Батзориг нар газар дээр нь ажиллаж, таслан зогсоожээ.
Мөн тухайн барилгын өргөгч кран нь ГССҮТ-ийн нисдэг тэрэгний талбайд хүнд өвчтөн зөөвөрлөж ирдэг нисдэг тэрэг буухад ч хүндрэл учруулж байгаа аж.
Улсын хэмжээнд гэмтэл, согогийн чиглэлээр тусламж үйлчилгээ үзүүлж буй ГССҮТ-ийн ойр орчимд энэ мэт орон сууцны барилгууд шахаж барьсны улмаас орц гарцны хэсэгт замын бөглөрөл үүсэж, яаралтай тусламж үйлчилгээ авахаар ирж буй иргэд үйлчлүүлэгчдэд хугацаа алдах, ачаалал нэмэгдэх зэрэг төвөгтэй байдал үүсэж байгааг Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвөөс мэдээллээ.