Лхагва гарагт НҮБ-ын ерөнхий ассамблейн чуулганы индэр дээрээс үг хэлэхдээ Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Юн Сүк Ёл саяхан дээд хэмжээний уулзалт зохион байгуулсан Умард Солонгос, Орос улсуудад анхааруулга өгчээ.
Өнгөрсөн долоо хоногт Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин нар Алс Дорнодын жижиг хотод уулзсан юм. Энэ үеэр Оросын эрх баригчид Украинд ашиглах зэр зэвсгийг Умард Солонгосоос авах тохиролцоонд хүрсэн байж болзошгүй гэж Өрнөдийн холбоотнууд сэжиглэж байгаа.
“Дэлхий дахинд энх тайвныг сахиулагч хэмээн итгэмжлэгдсэн байгууллага болох НҮБ-ын Аюулгүй Байдлын Зөвлөлийн байнгын гишүүн улс тусгаар тогтносон өөр улс руу эзлэн түрэмгийлэх дайн өдөөж, НҮБ-ын Аюулгүй Байдлын Зөвлөлийн тогтоолыг илт зөрчиж буй дэглэмээс зэр зэвсэг авах нь хачирхалтай үзэгдэл юм. Хэрвээ Оросыг дэмжсэнийхээ хариуд Умард Солонгос бөөнөөр устгах зэвсэглэлийн хүчин чадлаа нэмэгдүүлэхэд шаардлагатай мэдээлэл, технологийг олж авбал үүнийг зөвхөн Украины төдийгүй БНСУ-ын энх тайван, аюулгүй байдалд заналхийлсэн шууд өдөөн хатгалга гэж үзэх болно” гэж тэр мэдэгджээ.
“БНСУ нь холбоотнууд болон түншүүдийн хамт үүнийг зүгээр өнгөрөөхгүй” гэж тэр анхааруулсан байна.
Юн Сүк Ёл өчигдрийн хэлсэн үгэндээ бас дэлхийн улс орнуудын хөгжлийн хоцрогдлыг арилгах, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх үйлсэд Өмнөд Солонгосын хүчин чармайлтыг нэмэгдүүлэхээ амлажээ.
Эдгээрээс гадна улсынхаа мэдээллийн технологийн хүчин чадлыг хөгжиж буй орнуудын дижитал шилжилтийг түргэсгэхэд зориулахад бэлэн байгаагаа тэр илэрхийлсэн байна.
Өмнөд Солонгос улс 2024-2025 онд НҮБ-ын Аюулгүй Байдлын Зөвлөлийн байнгын бус гишүүнээр сонгогдсон юм.
Дэлхий дахины энх тайван, тогтвортой байдлыг хамгаалах үүргийнхээ хүрээнд засгийн газар нь Украинд нийтдээ $2.3 тэрбумын богино, дунд, урт хугацааны тусламж үзүүлэхээр төлөвлөснийг Юн Сүк Ёл энэ үеэр дурджээ.