Японы нийслэл Токио хотын Харажүкү дүүрэгт орших Nescafe кафены нэг салбар үйлчилгээндээ босоо байрлалаар унтаж амардаг бүхээгийг туршсан байна.
Наймдугаар сарын 22-нд эхэлсэн энэ туршилтын үйлчилгээ өнгөрсөн Ням гарагт өндөрлөж, олон сая хүний анхаарлыг татсан байна.
Дэрлэх дэр, өвдөг нурууны тулгууртай энэ бүхээгт 30 минут дуг хийхэд 825 иен ($5.50) төлж байжээ. Үүнд нэг аяга кофе багтсан байна.
Олонд алдартай YouTube, TikTok контент бүтээгчид энэхүү хачин сонин үйлчилгээг авч үзээд сэтгэгдлээ хуваалцсан нь олон сая хүнд хүрчээ.
“Байхгүй асуудалд шийдэл хайсан ийм бүтээлийг зөвхөн Японоос харж болох байх” гэж алдартай YouTube од Коннор Колкухоун сэтгэгдлээ илэрхийлсэн байна. Тэр энэ үйлчилгээг “хямд үнэтэй дундад зууны эрүү шүүлтийн төхөөрөмж” хэмээн тодорхойлжээ.
Гэхдээ Колкухоун ийм бүхээгт нойрсоход төсөөлснөөс илүү тааламжтай байсныг ярьжээ.
“Нурууны бүх ачааг авч хаясан мэт санагдаж, гэртээ орон дээрээ тав тухтай унтахын сайхныг надад мэдрүүлэх шиг боллоо. Ерөнхийдөө надад таалагдлаа” гэж тэр ярьсан байна.
Бүхээгүүд нь ой дотор, сансрын уудамд байгаа мэт мэдрэмж төрүүлэх доторлогооны сонголтуудтай юм байна.
Кафены туршилтын хугацаа дууссан ч үйлдвэрлэгч Giraffenap компани босоо байрлалаар унтдаг бүхээгүүдээ удахгүй худалдаанд гаргах сурагтай байна.
Тус компани оффис, албан тасалгаанд хүмүүсийг амрааж, алжаалыг нь тайлах шийдлийг хөгжүүлдэг гэнэ.