АНУ-ын конгрессын дээд танхим сенатад албаны хувцас заавал өмсөх шаардлагагүй болсныг энд олонх болдог Ардчилсан Намын удирдлага өчигдөр зарлажээ.
Олонхын бүлгийн дарга Чак Шумер чуулганд оролцохдоо хууль тогтоогчид заавал албаны хослол өмсдөг бичигдээгүй дүрмийг мөрдөх шаардлагагүй болсныг мэдээлсэн юм.
Энэ шийдвэрийг богино өмд, юүдэнтэй цамцнаас салах дургүй Ардчилсан Намын сенатор Жон Феттерман талархан хүлээж авсан байна.
Энэ онд сенатын гишүүн болсон тэрбээр чөлөөт хувцаслалтын хэв маягаараа олон нийтэд танигдсан нэгэн юм.
Сенат дахь хоёр намын бүх төлөөлөгчид чуулганы хуралдаанд оролцохдоо хүссэн хувцсаа өмсөж болохыг зарласан Шумер “Гэхдээ би хувьдаа хослолоо үргэлжлүүлэн өмссөн хэвээр байна” гэж хэлжээ.
Харин уламжлалыг эрхэмлэдэг Бүгд Найрамдах Намын зарим сенатор шийдвэрийг таатай хүлээж аваагүй юм.
Тухайлбал тэдний нэг Сюзан Коллинс удахгүй усны хувцастай чуулганд оролцохоор төлөвлөж байгаагаа NBC сувгийн нэвтрүүлэгт оролцохдоо хошигнон ярьсан байна.
“Бид Сенатын нэр хүндийг тодорхой хэмжээнд хадгалах ёстой гэж би боддог. Хувцаслалтын шаардлагыг цуцлах нь энэ институцийг гутааж байна” гэж тэр ярьжээ.
Бүгд Найрамдах Намын өөр нэг сенатор Билл Хэгерти “энэ бол Ардчилсан Намынхны Америкийг өөрчлөх, биднийг түүхэндээ байгаагүй үл хүндэтгэлтэй нийгэмд шилжүүлэх гэсэн ээлжит нэг алхам юм” гэж Fox Business сувгаар шүүмжлэн ярьсан байна.
Конгрессын хоёр танхим болох төлөөлөгчдийн танхим, сенатын танхим аль аль нь сүүлийн жилүүдэд хууль тогтоогчдын хувцаслалтад тавигддаг шаардлагаа аажмаар сулруулж байгаа.
Тухайлбал хоёр танхим хоёул эмэгтэй гишүүдэд ханцуйгүй даашинз өмсөхийг зөвшөөрөөд удаж байгаа бол 2019 оноос төлөөлөгчдийн танхимын муслим эмэгтэйчүүдэд шашны уламжлалт толгойн өмсгөлийг зөвшөөрдөг болсон юм.