Ням гарагт Умард Африкийн Ливи улсын тэнгисийн эрэг орчмын газар нутгийг Даниэл хар салхи дайрах үеэр хүчтэй аадар бороо орсон юм.
Үүний улмаас хуучирч муудсан хоёр том далан эвдэрч, цүнами маягийн асар хүчтэй үер буужээ. Уг гамшигт хамгийн ихээр хохирсон Газар дундын тэнгисийн эргийн Дерна хотод амиа алдсан нь батлагдсан хүний тоо 5,000 даваад байна.
Сураггүй алга болсон хүний тоо 20,000 хүрсэн тул хохирлын хэмжээ цаашид нэмэгдэх нь тодорхой болжээ.
Үерийн ус голын савыг даган Газрын дундад тэнгист цутгахдаа Дерна хотыг дайрсан юм. Тиймээс өдөр бүр амиа алдсан хүмүүсийн цогцос, урссан автомашинуудын сэг тэнгисийн түрэлтээр эрэгт хаягдсаар байна.
Хүмүүнлэгийн тусламжийн ачаа тээвэрлэсэн Европын болон Ойрх Дорнодын орнуудын тэнгисийн хөлгүүд, нисэх онгоцнууд Ливийн эрэгт хүрч эхэлжээ.
Ливи улс нь 2011 онд Муамар Каддафийн дэглэм унаснаас хойш иргэний дайны байдалд, хоёр тусдаа засгийн газрын хяналтад хуваагдаад байгаа. Үер буусан Ливийн зүүн нутаг одоо нийслэл Триполи дахь албан ёсны засгийн газрын хяналтаас гадна оршдог юм.
Тиймээс олон улсын хүмүүнлэгийн тусламжийг зохион байгуулах, аврах ажиллагаа явуулах боломж хязгаарлагдаж байна.
Ливийн үер нь Умард Африкийн бүс нутагт сүүлийн өдрүүдэд тохиосон хоёр дахь том байгалийн гамшиг юм.
Баасан гарагт Марокко улсын нутагт 6.8 магнитудын хүчтэй газар хөдөлсний улмаас 3,000 орчим хүн амиа алдаад байна.
Ливи дэх Улаан Загалмайн нийгэмлэгийн төлөөлөгчийн мэдээлснээр Дерна хотыг дайрсан үерийн давлагааны өндөр 7 метр байжээ.
Тус хотод орон гэрээ алдсан 30,000 гаруй хүн байгаа нь хотын нийт оршин суугчдын гуравны нэг орчим юм.
НҮБ гамшигт хохирсон хүмүүст $10 саяын тусламж үзүүлэх болсноо мэдэгджээ.
Их Британийн засгийн газар эхний ээлжид $1.25 саяын яаралтай тусламж илгээж, газар дээрх нөхцөл байдлыг итгэлтэй түншүүдийн тусламжтай тодорхойлсны дараа тусламжаа нэмэгдүүлэхээр болсон байна.
Франц улс мэргэжлийн 40 аврагчийг хээрийн эмнэлэг, тусламжийн ачаатай хамт илгээснээ мэдээлжээ.
Европын Холбооны Герман, Румын, Финланд улсууд, бүс нутгийн Турк, Египет, Алжир, Катар, Тунис, Кувейт, Арабын Нэгдсэн Эмират улсууд мөн Ливи улсад тусламж үзүүлж эхлээд байна.