Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо Толгойтын баруун салаанд орших Бумбатын рашаан орчмын 44.1 га газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авах тогтоолын төслийг өнөөдөр болсон НИТХ-аар хэлэлцжээ.
Бумбатын булаг нь Улаанбаатар хотын баруун хойд зүгт Толгойтын баруун салаа Бумбатын уулнаас эх авч, Толгойтын голд цутгадаг. Энэхүү булаг нь Толгойтын баруун салааны зуслангийн бүс орчимд оршин суугч иргэдийн ундны усны хангамжид ашиглагдаж байна.
Дэлхийн дулаарал, уур амьсгал, цаг агаарын өөрчлөлт, хуурайшилт ихсэж, хотжилт нэмэгдэж байгаа энэ үед Бумбатын булгийг унаган төрхөөр нь хамгаалж, иргэдийг хэрэглээний болон ундны усаар хангах, орчны бохирдлоос урьдчилан сэргийлэх зорилгоор хамгаалж үлдэх хэрэгцээ шаардлага тулгарчээ.
Усны нөөцийг хамгаалснаар ус бүрэлдэн тогтох, цэвэр байдлаар хадгалах нөхцөл бүрдэж, байгалийн аясаар нөхөн сэргэх бүх боломж хангагдах юм. Мөн орон нутгийн хамгаалалтай газрын хамгаалалтын горимд байгалийн төлөв байдлыг хөндөхгүйгээр судалгаа шинжилгээний ажил явуулах, ургамал амьтны өсөж үржих нөхцөлийг хангах, хөрс хамгаалах зэрэг үйл ажиллагаа явуулах боломж бүрдэх аж.
Эх сурвалж: НИТХ-ын ХМТ