Нийслэлд 14 хоногийн хугацаанд гарсан гэмт хэргийн нөхцөл байдлын талаар холбогдох албан тушаалтнууд мэдээлэл өглөө.
Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын дэд бөгөөд Нийтийн хэв журам хамгаалах газрын дарга, цагдаагийн хурандаа Б.Оюутболд “Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн 14 хоногийн хугацаанд 731 гэмт хэрэг бүртгэгдсэн нь 59.2 хувиар буурсан үзүүлэлт юм.
Харин гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 3*136 бүртгэгдсэн. Залилах гэмт хэрэг байнга өсөх хандлага байгаа бөгөөд цахим халдлага их байна.
Тодруулбал 14 хоногийн хугацаанд 650 залилах гэмт хэрэг бүртгэгдэж, 20 орчим хувиар өссөн. Гэр бүлийн хүчирхийлэл буурч, хүний биед халдах гэмт хэрэг өссөн” гэв.
ТЦА-ны Замын цагдаагийн газрын Нийслэлийн замын хөдөлгөөний хяналт, зохицуулалт хариуцсан дэд дарга Ч.Батболд “Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд 201 хяналтын цэгт давхардсан тоогоор 3,401 алба хаагч үүрэг гүйцэтгэн, нийт 23,000 гаруй зөрчил илрүүлсэн. Энэ хугацаанд жолоодох эрхгүй 156 хүн автомашин жолоодсон бол 628 иргэн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон байна.
Хяналтын камераар 28,000 гаруй зөрчил илрүүллээ. Эд материалын хохиролтой осол 10 хувиар өсөж, ослын улмаас гэмтсэн хүний тоо 38 хувиар буурсан бол нийт дуудлага, мэдээлэл 5.6 хувиар өссөн” гэсэн мэдээллийг өглөө.