Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Куба Улсын Ерөнхийлөгч Мигель Диаз-Канел Бермудесийн урилгаар 2023 оны есдүгээр сарын 15-16-ны өдрүүдэд Хавана хотноо болох Хөгжиж буй орнуудын 77-гийн бүлгийн төр, засгийн тэргүүн нарын дээд түвшний уулзалтад оролцоно.
Тэрбээр “Өнөөгийн хөгжлийн сорилтууд: Шинжлэх ухаан, технологи, инновацын үүрэг” сэдвийн хүрээнд болох дээд түвшний уулзалтад оролцож, шинжлэх ухаан, технологи, инновацын асуудлаарх Монгол Улсын байр суурийг илэрхийлнэ.
Үндэсний түвшинд хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг танилцуулахын зэрэгцээ Бүгд Найрамдах Куба Улсын Ерөнхийлөгч Мигель Диаз-Канел Бермудестай уулзаж, Монгол-Кубын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцохоор төлөвлөжээ.
Монгол Улс Хөгжиж буй орнуудын 77-гийн бүлгийг 2023 онд даргалж буй Бүгд Найрамдах Куба Улстай 1960 онд дипломат харилцаа тогтоож, найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлж байна.