Баян-Өлгий аймагт өнгөрсөн гуравдугаар сарын 11-12-нд шилжих шөнө зам тээврийн ноцтой осол гарч, гурван хүний амь эрсэджээ. Тодруулбал, том оврын авто машины жолооч Т.Ж гэгч аймгийн шалган нэвтрүүлэх постоос 7 км-ын зайд байрлах “Дэлүүн” гэх дэлгүүрийг мөргөж, дотор байсан Х.С, М.А, н.А нарын амь насыг хөнөөсөн байна. Харамсалтай нь хэргийг шийдээгүй байтал гэмт хэрэгтэн 06 дугаар сарын 08-ны өдөр Казахстан руу хил даван зутсан. Түүнийг хилээр гарсны дараа буюу 06 дугаар сарын 25-ны өдөр прокурорын байгууллагаас яллагдагчаар татах шийдвэр гаргасан байна.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар талийгаач Х.С, М.А, нар нь нэг гэр бүлийн хүмүүс байсан бөгөөд 2-11настай хүүхдүүд бүтэн өнчин үлдсэн. Мөн 24 настай худалдагч эмэгтэйн өндөр настай ээж охиноо бурхан болсныг сонсоод шоконд орж, мартах өвчтэй, биеийн байдал хүнд байгаа аж.
Хуулийн байгууллагаас талийгаачдын ар гэрийнхэнд гэмт хэрэгтэнд хилийн хориг тавьсан гэж ойлгуулсан байжээ.