Баянзүрх дүүргийн 6 дугаар хороонд цэцэрлэгийн барилга нурааж, оронд нь 16 давхар орон сууц барих гэж байгааг иргэд эсэргүүцэж, өчигдөр орой барилгын талбайн ойролцоо жагсаал хийв.
Тэд улсын цэцэрлэгтэй, ногоон байгууламжтай, өдрийн цагт барилгын сүүдэрт биш нарны гэрэлд хүүхдүүдээ тоглуулахыг хүсэж буйгаа илэрхийлцгээж байгаа юм.
Энэ талаар тус хорооны зохион байгуулагчаас тодрууллаа.
– Хуучин цэцэрлэгийн байрыг нурааж, орон сууц барих гэж байгаа тухай яригдсаар байна. Энэ асуудал хэрхэж байна вэ?
– Цэцэрлэгийн газар байсныг “Наран трейд” ХХК аваад, хувийн цэцэрлэг, сургууль болон 16 давхар хоёр блок барих гэж байгаа. Энэ нь шүүхийн маргаантай байгаа. Гэвч шөнийн цагаар барилгын ажлаа явуулаад байгаа юм.
Газраа ухаад, цэцэрлэгийн тал талд их гэрэл асаагаад ажлаа явуулж байна.
– Энэ цэцэрлэгт хэдэн хүүхдийн багтаамжтай гэж төлөвлөгдөж байсан бэ?
– Баригдаж дуусаагүй байсан. Газрыг нь “Наран трейд” ХХК эзэмшиж байсан юм.
– Хэдэн онд баригдаж эхэлсэн бэ. Одоо бол ажил нь үргэлжлэхгүйгээр “Наран трейд”-ийн барилга баригдаж магадгүй гэсэн үг үү?
– Тийм. Цэцэрлэг баригдахгүйгээр “Наран трейд” хувийн сургуулиа барих гэж байна. Гурван давхар болгоод, хажууд нь зургаан ангитай цэцэрлэг, спорт цогцолбор, зүүн талд нь 16 давхар хоёр блок барина гэсэн.
– Цэцэрлэгийг улсын төсвөөр барьж байсан байх. Нураалаа гэхэд мөнгийг нь яах вэ. Нөхөн төлөх болов уу. Энэ талаар мэдээлэл бий юу?
– Цэцэрлэгийн газрыг “Наран трейд” 1996 онд өмчилж авсан. 2025 он хүртэл эзэмшихээр сунгасан.
Талбайг нь бага багаар сунгасаар байгаад манай хорооны 21 дүгээр байрны нийтийн эзэмшлийн талбайгаас хүртэл хашаалж авлаа Нийслэлтэй, оршин суугчидтай шүүхийн маргаантай байгаа хэр нь эцэслэн шийдэгдээгүй байхад газрын ажил, барилгын ажлаа эхлүүлчихсэн.
– Улсын төсвийн хөрөнгөөр баригдаж байсан гэхээр хүүхдүүд үнэгүй хамрагдах байсан гэсэн үг. Гэтэл хувийн сургууль, цэцэрлэг барьчихвал төлбөртэй болох нь.
– Тийм. Өмнө нь зөвхөн харьяаллын хүүхдүүд сурахаар байсан бол хувийнх болсноор тал талаас хүүхдүүд ирнэ.
Манай хороо тун шигүү, замын ачаалал ихтэй. Хэрэв энэ сургууль, цэцэрлэг баригдвал 21 дүгээр сургууль руу замын гарцаа хийнэ гэж байгаа. 22Б байрны тоглоомын талбайн хажуугаар 16 давхар хоёр орон сууцныхаа машины гарцыг хийнэ гэсэн. Тэгэхээр хүүхдүүдийн амь насанд ч эрсдэлтэй.
21 дүгээр сургуулийн ойролцоо хөдөлгөөний ачаалал их, хүүхдүүдэд явах газар олдохгүй, зогсоолгүй, хичээл орох, тарах цагаар замын хөдөлгөөн хэтэрдэг. Эдгээрийг огт харгалзахгүйгээр барилгууд барина гээд байна.