Улсын Их Дэлгүүрийн урд байрлах “Битлз” хамтлагийн хөшөөний өнгийг Украины төрийн далбаатай адил өнгөөр будсан байсан нь олон нийтийн сүлжээнд шүүмжлэлд өртсөн юм.
Энэ талаар хөшөөг сэргээн засварлаж будах ажлыг гүйцэтгэсэн Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас тодруулахад “Хөшөөг сэргээн засварлах ажлын хүрээнд хуучин байсан өнгийн сэргээж будсан. Хуучин өнгө нь дээрээ шар доороо ногоон өнгөтэй байсныг манай гүйцэтгэгч өнгө андуурч будсан юм билээ. Түүнээс биш зориудаар тийм өнгөөр будсан зүйл байхгүй” гэсэн юм.
“Битлз” хамтлагийн хөшөөг анх 2008 онд тус хамтлагийн монгол дахь шүтэн бишрэгчдийн хандиваар бүтээж байжээ.
Хөшөөний бүтцийн хувьд хойд талын алим нь анх гитар хэлбэртэй байсан бөгөөд хөшөөг санаачлагчдын нэг болох Г.Ганхүү нийслэлийн төлөөлөгчөөр ажиллаж байх хугацаандаа буюу 2013 онд алим хэлбэртэй болгон өөрчилж жижгэрүүлж байсан гэдгийг тэрбээр өөрийн сошиал хуудсандаа бичжээ.
“Битлз”-ийн хөшөөний урд талбай бол хүн болгонд нээлттэй соёлыг түгээдэг газар”
Түүнчлэн “Битлз” хамтлагийн хөшөө урдаа жижигхэн тайз маягийн бүтэцтэй учир Улаанбаатар хотын дуу хөгжимд хайртай хүүхэд, залуус олноор цуглардаг ховорхон газруудын нэг болоод удаж байгаа билээ.
Энэ талаар тус хөшөөний урд олон арга хэмжээг зохиож байсан “Open mic Mongolia”-н зохион байгуулагч Д.Энхтайвны үзэл бодлыг асуухад “Битлзийн хөшөө хотын төвд байдаг учраас хотын хүүхэд, залуучууд цуглараад хөгжмөө тоглоод дуулж хуурдан чөлөөтэй байж болдог нээлттэй газруудын нэг. Сүүлд тэр талбай дээр нэг залуу саксфон тоглож байгааг харсан гэх жишээтэй хүн болгонд нээлттэй соёлыг түгээдэг газар учраас би хувьдаа дуртай байдаг” гэлээ.