Вагнер хувийн зэвсэгт хүчний компанийн тэргүүн Евгений Пригожин онгоцны ослоор амиа алдаад долоо хонож байна.
Өчигдөр Кремлийн эрх баригчид түүний үхэл зохион байгуулалттай аллага байж болзошгүйг анх удаа хүлээн зөвшөөрчээ.
Ослын шалтгааныг мөрдөн шалгах ажил ямар үр дүнтэй байгааг сэтгүүлчид асуухад Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков “Нэг хувилбарыг оролцуулаад боломжит бүх хувилбаруудыг шалгаж байгаа нь тодорхой. Миний юу яриад байгааг та бүхэн ойлгох байх. Юутай ч үүнийг санаатай аллага гэж нэрлэе” гэж хариулсан байна.
Мөрдлөгийн ажилд Олон Улсын Иргэний Агаарын Тээврийн Байгууллагыг оролцуулах боломжтой эсэхийг асуухад тэр “Эхлээд Оросын мөрдөгчдийн үр дүнг хүлээсэн нь дээр байх” гэж хариулжээ.
Вагнер группийн эзэмшлийн Embraer үйлдвэрийн хувийн нисэх онгоц наймдугаар сарын 23-ны өдөр Москвагийн ойролцоо осолдсон юм.
Онгоцонд явсан 10 хүн бүгд амиа алдсаныг Оросын эрх баригчид зарласан.
Ослын газарт амьдардаг нутгийн иргэд хүчтэй дэлбэрэлтийн чимээ сонсогдсоны дараа онгоц унасныг гэрчилж байгаа.
Пригожин тэргүүтэй Вагнерын ангиуд Кремлийн эрх баригчдын эсрэг зэвсэгт бослого гаргаснаас хойш яг хоёр сарын дараа дээрх осол гарсан юм.
АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден ийм осол гарсанд төдийлөн гайхахгүй байгаа болон Орос улсад Путиний оролцоогүй үйл явдал байдаггүйг хэлсэн нь Пригожиний үхэлд хэнийг сэжиглэж байгаагаа тодорхой илэрхийлсэн хэрэг байв.
Харин Кремлийн эрх баригчид уг сэжгийг эрс няцааж байгаа.