Иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам, ногоон байгууламж, нийтийн эзэмшлийн зам талбайг нэмэгдүүлэх зорилгоор энэ онд нийт 132 байршлын 2,355 гарааш чөлөөлөх тухай захирамжийг Нийслэлийн Засаг дарга гаргасан.
Захирамжийн хүрээнд 102 байршлын 1,813 гараашийг чөлөөлж, ажлын явц 77 хувийн гүйцэтгэлтэй байгааг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга Г.Батзориг өнөөдөр болсон нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр танилцуулав.
Түүнчлэн 111 байршлын 8,771 метр стандартын бус хашаа, хайс буулгахаас 110 байршлын 8,651 метр хашааг чөлөөлөөд байна.
Мөн Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас үерийн эрсдэлтэй бүсэд байгаа айл өрхийг нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулж байгаа юм. Долоон дүүргийн хэмжээнд үерийн эрсдэлтэй бүсэд 2,900 айлын нэгж талбар өртөж байгаагаас зөвшөөрөлтэй 2,165, зөвшөөрөлгүй 735 нэгж талбар байна.
Өнөөдрийн байдлаар үерийн эрсдэлтэй бүсээс 99 айлыг нүүлгэн шилжүүлжээ.
Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга Г.Батзориг “Үлдсэн айл өрхүүдийг долоон дүүргийн 29 байршлын 427 га газарт нүүлгэн шилжүүлэхээр газрын байршил, нөөцийг тодорхойлж, дүүрэг болон нийслэлийн ИТХ-аар газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд оруулан батлуулсан.
Сэлбэ, Дунд голын үерийн эрсдэлтэй бүсийг тусгай хэрэгцээнд авах ажил үргэлжилж байгаа. Сэлбэ, Дунд гол дагуу 50.6 км урттай, онцгой болон энгийн хамгаалалтын бүс дэх 1,850 га талбай бий. Үүнээс онцгой хамгаалалтын бүс дэх 534 га талбайг байгалийн нөөц газрын ангиллаар Орон нутгийн тусгай хамгаалалтад авах ажлыг Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулсан бөгөөд НИТХ-д өргөн барихад бэлэн болсон.
Таван дүүргийн хэмжээнд Сэлбэ, Дунд голын хамгаалалтын бүсэд 1,887 нэгж талбар өртөөд байна” гэлээ.
Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс