Олон Улсын Балетчидын “USAIBC” тэмцээний ахлах насны эрэгтэй бүжигчдийн ангилалд шилдэг дөрвийн нэгээр шалгарсан Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын тэргүүн гоцлооч Ө.Мөнхжин АНУ-ын “Атланта балет”-ын театрт нэгдлээ.
Өлзийжаргалын Мөнхжин нь 2018 онд ОХУ-ын Пермь хотын Сонгодог бүжгийн сургуулийг балетын жүжигчин мэргэжлээр амжилттай суралцаж төгссөн байна. Ийнхүү өөрийн анхны карьераа 2018 оноос Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрт балетын гоцлоочоор ажиллаж эхэлсэн юм. Суралцаж байх хугацаандаа 2017 онд БНХАУ-ын Бээжин хотод зохион байгуулсан “IBCC 2017” тэмцээнд тусгай шагнал хүртэж байсан. Мөн 2019 онд ОХУ-ын Улаан-Үүд хотод зохион байгуулсан “Орос-Япон Евразийн” балетын анхдугаар тэмцээнээс дэд байр, 2022 онд Москвагийн олон улсын балетын уралдаанаас “Дипломат” шагнал хүртсэн юм.
Улмаар 2023 онд Монгол Улсын оны шилдэг бүжигчин болж, үндэсний “Мөнгөн мод” шагналыг хүртсэн билээ.
Түүний бүжиглэхээр болсон “Атланта балет” компани нь 1929 онд байгуулагдаж байсан бөгөөд АНУ-ын тэргүүлэх бүжгийн компанийн нэг юм.