Японы иргэн Тазаки Масамигийн блогтоо бичсэн нийтлэлийг орчуулан хүргэж байна.
Энэ жил Монгол-Япон улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож буй. Мөн АНУ-тай дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ой, Ватикантай харилцаа тогтоосны 30 жилийн ой тохиож, гадаад харилцааны тэмдэглэлт жил болж байна. Энэ дундаас Ватикантай холбоотой нэгэн сонирхолтой мэдээ Японы блогт гарчээ.
2022 оны наймдугаар сарын 24-ний өдөр Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр Ерөнхийлөгчийн тусгай элчийн хувиар Ватиканд айлчилж, Ромын пап ламд бараалхжээ. Гадаад харилцааны албаны нэгэн арга хэмжээ мэт харагдах уг айлчлалын зорилго нь Ромын пап ламд “Монголд морилон ирнэ үү” гэсэн урилгыг гардуулсан явдал аж.
Ромын пап ламыг өөрийн орондоо урьж залах гэсэн улс олон бий. Тэр дундаа Христын шашинтай улс орнууд. Христын шашингүй Япон улс ч 2019 онд Пап ламыг айлчлахад Япон орон даяар халуун дулаанаар угтан авч, Токио доом гэх цэнгэлдэх хүрээлэн 50 000 гаруй христын итгэгч нараар дүүрсэн гэдэг. Ийнхүү дэлхийн олон улс оронд нэр хүндтэй Ромын Пап ламд бурханы шашинтай “Монгол оронд зочлон ирнэ үү” хэмээн урилга барьсан ч айлчлан ирэх очер дараалал нь нэлээн хойгуур байх нь тодорхой.
2010 онд “Ватиканы нууц бичиг баримт”-ын нэг хэсгийг ил болгосон. Ил болгосон бичиг баримт нь “хуулбар хувь” байсан гэдгээс үзвэл нууцалж байгаа бичиг баримт нь ямар чухал, олон нийтэд ил болгохын эрсдэлийг нухацтай тооцсон нь илэрхий. Магадгүй, эх хувийг нь гэрэл ч үзүүлдэггүй биз.
Тэр нууц бичиг баримтан дунд Монголтой холбоотой зүйл байна. Тэртээх 800 жилийн өмнөх түүх, Их Монгол улсын цаг үе. Энэ нь 1246 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр гэж огноолсон Чингис хааны ач хүү, Их Монгол улсын гурав дахь их хаан Гүюгээс Ромын Пап лам Иннокентиус IV-т илгээсэн бичиг юм. Огноо нь тодорхой, Их Монгол улсын энэхүү албан бичиг нь хадгалагдан үлдсэн өв зүйлсээс хамгийн эртнийх нь гэнэ.
Пап ламд хандсан уг бичигт Эзэд хаадын хамт амар мэндийг эрж буйгаа илэрхийлэн мэндийг ёсыг гүйцэтгээд “Азийн төвд хүрэлцэн ирэх”-ийг шаардсан утгатай. Эс тэгвээс “дайсан гэж үзнэ” хэмээн айлгасан байна. Тухайн үеийн Их Монгол улс нь христын шашны нэр нөлөө их гэдгийг хэдийнэ ойлгож, “эрхэндээ байлгах нь зүйтэй” хэмээн үзэж, “Монголд ир” гэж шаардсан байна.
Нөгөөтэйгүүр, Ромын Пап ламын сүр хүч ч багадахгүй бөгөөд христын шашинтнуудын тэргүүн тул тийм амар эрхэнд орох учиргүй байв. Гэвч Их гүрэн болсон Монголын эзэн хааныг үл ойшоож чадсангүй. Тиймээс Ромын Пап ламын тал “мэхийн ёсолж, Ватиканд морилон ирэхийг урьж байна” хэмээн хариу өгчээ. Уулзах хүсэлтэй ч хэн нь ч түрүүлж очих сонирхолгүй байснаас ацан шалаанд орсон хэрэг.
Дээрх урилга бол тэртээ “Гүюг хаанаас хойших анхны урилга” хэмээн гардуулж, улмаар урилгыг хүлээн авсан байна.
Болсон үйл явдлын талаар Монголын талын холбогдох хүмүүсээс тодруулж асуулаа. Юутай ч Монголын Гадаад харилцааны яамтай хавсарч, хийгдсэн ажил бололтой. Энэ оны тавдугаар дугаар сард Монголын лам хуваргууд Ватиканд айлчилж, Пап ламтай уулзсан байна. Үүний талаар “Ватикан Ньюс” гэдэг Ватиканы цахим сайтад нийтлэгдсэн бөгөөд хүссэн хэн ч бай үзэх боломжтой.
Энэ нь шашны төлөөлөгч хоорондын нөхөрсөг харилцаа мэт харагдавч цаад талд нь Гадаад харилцааны яам бэлтгэлээ базааж байсан бололтой. Одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зөвлөхөөр ажиллаж буй, Гадаад харилцааны яамны удирдах албан тушаал хашиж байсан Амартүвшин гэх эрхэм Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын айлчлал болон урилга хүлээлгэн өгөх ажлыг урьдаас зохион байгуулж, Пап ламын санаа зорилгыг тандаж байжээ.
Холбогдох хүмүүсийн мэдээллээр Пап лам урилгыг нааштай хүлээж авчээ. Гэхдээ Монголд ирэх гэж яарахгүй нь мэдээж. Ямартай ч “Ромын Пап ламтан, Та манай оронд морилон саатна уу” гэсэн илгээлт нь харилцаагаа шинэ шатанд гаргах чухал алхам. Дэлхийн бусад улс оронд тохиогоогүй түүхийн өв 800 жилийн дараа илгээсэн уг урилгад жин дарсан биз ээ.
Хятад, Орос хоёр улсын хооронд хавчуулагдсан Монголд гадаад “нөхөрсөг улс”-уудын тоог бага ч болов нэмж арвижуулах нь чухал. Монголын Гадаад харилцааны яам нь үүний төлөө тайзны ард олон чиглэлээр хүчин зүтгэж яваа бололтой. Пап ламын айлчлал бүтэх болтугай.