Лхагва гарагт Энэтхэг улсад баригдаж буй төмөр замын гүүр нурсны улмаас 26 ажилчин амиа алджээ.
Тус улсын зүүн хойд бүсийн Мизорам мужийн Сайран хотын ойролцоо хэрэгжиж буй бүтээн байгуулалтын газарт уг осол гарсан байна.
Осол гарах үеэр гүүрэн дээр 40 хүн ажиллаж байжээ.
Уг бүтээн байгуулалт нь Мизорам мужийг Энэтхэгийн бусад бүс нутгуудтай төмөр замаар холбож, орон нутгийн аялал жуулчлал, нийгэм эдийн засгийг хөгжүүлэх зорилготой юм байна.
Ослын шалтгааныг мөрдөх ажлын хэсэг байгуулснаа Энэтхэгийн төмөр замын оператор компани мэдээлжээ.
Ерөнхий сайд Нарендра Моди хохирогсдод туслах бүх боломжит арга хэмжээг авахаа амласан байна.
Энэтхэг улсын асар том төмөр замын сүлжээ нь өдөр бүр олон сая хүнийг тээвэрлэдэг. Тус улсын эрх баригчид төмөр замын дэд бүтцээ орчин үеийн технологид шилжүүлэх төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байгаа.
Гэвч хуучирч муудсан дэд бүтцийн аюулгүй байдал асуудал дагуулсан хэвээр байна.
Энэ оны зургаадугаар сард Энэтхэгт сүүлийн хорь гаруй жилийн хугацааны хамгийн том төмөр замын осол гарахад 288 хүн амиа алдсан юм.
Өнгөрсөн оны аравдугаар сард баруун бүсийн Гужарат мужид колонийн үеийн дүүжин гүүр нурснаас 135 хүний амь үрэгдэж байв.